Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны армийнхан Энэтхэгийн нисгэгчийг тосгоны иргэдийн халдлагаас аварчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Кашмирын хямралаас үүдэлтэйгээр Энэтхэг-Пакистаны хооронд дайны гал дүрэлзэхэд ойрхон болоод байгаа билээ.

Өчигдөр маргаантай хилийн шугамыг давж ирсэн Энэтхэгийн байлдааны хоёр нисэх онгоцыг буудаж унагаснаа Пакистаны тал мэдээлсэн юм. Улмаар сөнөсөн онгоцноос шүхрээр буусан Энэтхэгийн нэг нисгэгчийг баривчилсан байна.

Сошиал сүлжээнд тараасан дүрс бичлэг дээр Энэтхэгийн олзлогдсон нисгэгчийг Пакистаны тосгоны иргэд зодож, занчиж байгааг харуулжээ.

Дараа нь Пакистаны армийнхан олзны нисгэгчийн нүдийг боож авч яваа зураг нийтлэгдсэн юм. Мөн үүний дараа Энэтхэгийн нисгэгч эсэн мэнд байгааг үзүүлсэн видео бичлэгийг Пакистаны армиас тараажээ.

Нисгэгч аягатай цай уунгаа пакистанчууд өөртэй нь хүний ёсоор харьцаж байгааг хэлж буй нь сүүлийн дүрсэнд бичигдсэн байна.

Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр нисгэгчийн нэрийг Абхинандан Вартхаман гэдэг ажээ. 

Нисгэгчийн дүрс бичлэгүүд өчигдөр Энэтхэг, Пакистаны сошиал сүлжээний гол сэдэв болсон байна. Энэтхэгчүүдийн дунд уг нисгэгч үндэсний баатар болоод байгаа гэнэ.

Энэтхэгийн гадаад хэргийн яам нисгэгчийн нүүрэнд зодуулсан шинж тэмдэг байгаа нь Пакистаны тал түүнтэй зүй бус харьцаж буйн баталгаа гээд олон улсын хууль дүрмийг зөрчиж байгааг сануулсан мэдэгдэл гаргажээ. Мөн олзлогдсон нисгэгчээ яаралтай буцааж авах талаар ажиллахаа амласан байна.

Харин Пакистаны зэвсэгт хүчний төлөөлөгч нисгэгчийн гэрэл зургуудыг тарааж, түүнтэй ёс зүйн хэм хэмжээнд харьцаж байгаагаа баталжээ.

Лхагва гарагийн оройны байдлаар Энэтхэгийн твиттер сүлжээнд #BringBackAbhinandan хаштаг бүхий нисгэгчийг буцааж өгөхийг шаардсан бичлэгүүд тэргүүлж байв.

Тэд бүгд нисгэгчийн хувь заяанд санаа зовж байгаагаа илэрхийлцгээж, зарим нь сүүлд гаргасан дүрс бичлэг хуурамч байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа бичжээ.

 

Эх сурвалж: Reuters