Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны босс Ангарагт хүн амьдрах боломжгүй гэж үздэг

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Амазон компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн болоод байгаа Жэф Безос өнгөрсөн долоо хоногт Нью Йорк хотноо Йелийн Клубын уулзалтад оролцохдоо өөрийн ажиллаж буй сансрын төслийн талаар ярьжээ.

Тэрээр “Blue Origin” нэртэй сансрын аялалын компани байгуулж, бүх анхаарлаа энэ төсөлд төвлөрүүлээд байгаа юм. Безосын зорилго нь сансрыг эзэмшихэд хүн төрөлхтөнд тулгарч байгаа гол бэрхшээл болох аялалын өртөг зардлыг бууруулах ажээ.

Тэр уг төслийнхөө ажилд жил бүр Амазон компанийн хөрөнгөнөөс нэг тэрбумыг зарцуулж байгаа. “Blue Origin” компани олон дахин ашиглагдах New Shepard хөлгөөрөө хэд хэдэн нислэгийг амжилттай туршаад байгаа. Энэ оны сүүлээр анх удаа хүн сансарт нисгэх төлөвлөгөөтэй байна.

SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск хүн төрөлхтнийг Ангараг гарагт бүр мөсөн нүүлгэх зорилготой ажилладаг. Тэрээр энэ дэлхий дээр амьдрах аргагүй болох үед хүмүүс Ангарагт шилжиж амьдрах ёстой гэж үздэг юм.

Харин Безосын үзэл бодол үүнээс өөр гэнэ. Тэрээр хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалж үлдэх ёстой бөгөөд ингэхийн тулд дэлхийг сүйтгэж байгаа хүнд үйлдвэрүүд, эрчим хүчний станцуудыг сансрын уудамд байрлуулах зорилготой.

Өөрөөр хэлбэл эх дэлхий маань зөвхөн хүн амьдрах зорилгоор ашиглагдах ёстой гэнэ. Компанийн нэр “Blue Origin” нь хүн төрөлхтөн цэнхэр гарагаас гаралтайгаа мартах ёсгүйг сануулсан утгатай ажээ.

 Безос Ангараг дээр хүн амьдрах боломжийн талаар ярихдаа “Хэрвээ миний найз Ангараг руу нүүх хүсэлтэй гэвэл би түүнээс ‘эхлээд Эверест уулын орой дээр нэг жил амьдраад үз. Тэгээд болно гэвэл Ангараг руу нүү’ гэж хэлнэ. Учир нь Эверестийн орой бол Ангарагтай харьцуулахад диваажингийн цэцэрлэг юм” гэсэн байна.

Тэр “Бид эх дэлхийгээ аврахын тулд сансрыг эзэмших ёстой. Тийм ч учраас цэнхэр дэлхийг хүн төрөлхтний гэр орон гэдгийг сануулахын тулд компанидаа Blue Origin гэж нэр өгсөн юм” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: Independent