Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх, хууль хяналтын байгуулллагын үйл ажиллагааг хянуулахаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

"Монголын Хүний төлөө" нам болон “Иргэний шударга шүүх” ТББ хамтран Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Иргэний шударга шүүх" ТББ нь төрийн албан хаагчдын, тэр дундаа хууль хяналтын байгууллагын албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн байгууллага аж. Тус байгууллага нь 13 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш нийт 10,000 гаруй иргэдийн гомдлыг хүлээн авч, хууль зүйн туслалцаа үзүүлж, 1,000 орчим хэрэг дээр биечлэн өмгөөллийн туслалцаа үзүүлж, ажилласан талаараа танилцууллаа.

"Иргэдийн шударга шүүх" ТББ-н тэргүүн Х.Бат-Ялалт "Бидний зүгээс 13 жилийн өмнө буюу Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-д хандаж, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаарх шаардлагыг анх илгээж байсан. Тэгвэл одоо бид энэхүү шаардлагаа дахин хүргүүлэхээр бэлдээд байна.

Иргэд шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулийн эрхтэй байдаг. Гэвч харамсалтай нь шүүхийн байгууллага иргэдийн маргаан, үйл ойлголцлыг шийдвэрлэж, таслах бус хүчтэй болчхоод хүн болгоныг шүүдэг байгууллага болж буй нь тун буруу бодлоготой явж байгааг бидэнд харуулж байна.

Монгол Улс шүүгчийн тоогоороо хаантай улс болж, шүүгчийн шийдвэрийг хэн ч хянахгүй болсон байна. Тодруулбал, гурван шатны шүүх нэг нэгнийхээ шийдвэрийг хянах ёстой байтал эсрэгээрээ хамгаалдаг болсон байна. Хэрэв шүүгч хууль бус шийдвэр гаргаж, хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд тэднийг хэн шүүж, ямар хариуцлага үүрэх нь тодорхойгүй болжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар шүүгч илт, хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд шүүгч хариуцлага хүлээхээргүй хуулийн заалттай болгоод өөрчилсөн байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хууль хяналтын байгууллагууд үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж өнөөдрийн манай улсын нийгэм маш олон хэсэг бүлэгт хуваагдаж, төрийн байгууллагын гүйцэтгэгч нар тэдний гар хөлийн тоглоом болсныг илтгэж байна" хэмээлээ.

Ийнхүү эдгээр хоёр байгууллага хамтран Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Шүүх, хууль хяналтын байгууллагуудын хууль бус тушаал, шийдвэрүүдийг дахин хянах, онцгой эрх бүхий ард түмний хяналтын хороог байгуулж шүүх, хууль хяналтын байгууллага, тэдний алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирч, хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа барагдуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг хүсэж, шаардах бичиг хүргүүлэхээр болсон байна.