Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга долоон эрдэмтэнд "Академич" цол хүртээнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж долоон эрдэмтэнд "Академич" цол олгохоор болжээ.

2018 оны арванхоёрдугаар сард болсон Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулсан байна. 

Академич цол хүртэх долоон эрдэмтэн:

  1. Бүдээбазарын Авид
  2. Бадрахын Бурмаажав
  3. Содномсамбуугийн Дэмбэрэл
  4. Сампилдондовын Чулуун
  5. Очбадрахын Чулуунбаатар
  6. Рүвжирийн Шагдарсүрэн
  7. Халтарын Энхжаргал нарын эрдэмтэнд өнөөдөр Төрийн ордонд 11:30 цагт цолыг нь гардуулж өгөхөөр товлосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Академич" цол хүртээж байх зарлигийг 2005 онд Н.Баганбанди ерөнхийлөгч гаргасны дагуу төрийн тэргүүн хэргэмийг гардуулж өгөх ажээ.

Эрдэмтдийн танилцуулга:

БҮДЭЭБАЗАРЫН АВИД /Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)/

Менделеевийн нэрэмжит Оросын Хими-технологийн их сургуулийг өндөр молекулт нэгдлийн химич-инженер-технологич мэргэжлээр 1993 онд төгсөн. 20 гаруй жил чулуун болон хүрэн нүүрс, шатдаг занар, байгалийн битум, нефтийн хүнд үлдэгдлийн судалгаа хийж, тэдгээрийн халуун задралд орох төлөв байдал, уусгагчийн орчинд боловсруулах арга, хийжих технологийн горим тогтоох зэрэг онолын ажлаас гадна утаагүй түлш, шүүгч шингээгч материал, эмчилгээний шавар зэрэг практикийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бий болгоход шаардлагатай технологийн томоохон үр дүнгүүд гарган авсан химийн технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.

БАДРАХЫН БУРМААЖАВ /ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

АУДэС-ийг эрүүл ахуйч мэргэжлээр 1978 онд төгссөн. Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд ЭШТА, ЭМЯ-нд анагаах ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн даргаар 40 жил ажиллажээ.

СОДНОМСАМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ /ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор/

1978-1983 онд ЗХУ-ын (хуучнаар) Иркутск хотын Их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. Тэрбээр геологийн болон геофизикийн нарийн түвэгтэй процессийг шинэ техник технологи, судалгааны шинэлэг аргазүйг ашиглан судалж, Дэлхийн физик орны хувьсал болон чулуулаг мандал дахь гүний тогтоц түүний өөрчлөлт, бүс нутгийн геодинамик, нео-геотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн чиглэлээрх судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн.

2003 онд ОХУ-ын Москва хотод физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ – ын Иркутск хотын Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуульд геологи-минералогийн шинжлэх ухааны доктор-(Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалсан.

САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН /ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

С.Чулуун нь Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, монгол судлалыг монгол улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм. Тэрбээр өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны монголын хот сууриныг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна.

Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм.

ОЧБАДРАХЫН ЧУЛУУНБААТАР /ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Төрийн шагналт/

О.Чулуунбаатар нь 1999 оноос ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ) Мэдээллийн технологийн лабораторид (МТЛ) ажиллан, 2018 оноос эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байна. 

РҮВЖИРИЙН ШАГДАРСҮРЭН /Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Хүний гавьяат эмч/

Р.Шагдарсүрэн анагаах ухааны салбарт тасралтгүй 51 жил ажиллаж судалгаандаа түшиглэн Монголын гэмтэл согог судлалын асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагаар авч үзэн гэмтэл согог судлалын дэг сургуулийг үүсгэн хөгжүүлсэн. Гэмтэл согогийн 300-аад эмч судлаач бэлтгэж, хөнөөлгүй бичил мэс заслын аргуудыг анхлан нэвтрүүлж гэмтэгсдийн хөдөлмөрийн чадварыг эрт сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

ХАЛТАРЫН ЭНХЖАРГАЛ /Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D)/

Х.Энхжаргал нь Сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг ашиглах туршилт, судалгааны ажлын хүрээнд нарны коллекторын шинэ хийцийг зохион бүтээж, туршилт, судалгаа шинжилгээг явуулан, Монгол орны нөхцөлд анхны нарны халаалттай туршилтын байшин барьж иж бүрэн судалгаа хийсэн байна.