Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Эх оронч биш” гэсэн шалтгаанаар Украины поп од Eurovision наадамд оролцох эрхгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Европын орнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Eurovision наадмын үндэсний оролцогчийг шалгаруулах арга хэмжээ өнгөрсөн Бямба гарагт Украинд болж, поп од Марув шалгарсан юм.

Тэр ирэх тавдугаар сард Израйлийн Тель-Авив хотод болох энэ жилийн наадамд Украин улсыг төлөөлөн оролцох болоод байв.

Гэвч түүнийг ОХУ-д аялан тоглолт хийж байсан, цаашдаа ч хийх бодолтой байгаа тул эх орноо төлөөлж олон улсын наадамд оролцох эрхгүй гэж Украины эрх баригчид үзжээ.

Уг нь шалгаруулалтыг зохион байгуулсан Украины үндэсний олон нийтийн телевиз ОХУ-д тоглолт хийхгүй гэсэн амлалт өгч, гэрээ байгуулбал 27 настай Марувт Израйль явах эрх өгөх санал тавьсан байна.

Эхэндээ дуучин бүсгүй саналыг хүлээж авах төлөвтэй байсан ч эцэстээ татгалзжээ.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсанд бичихдээ “Би бол Украины иргэн, татвараа төлдөг, эх орондоо хайртай. Гэхдээ би уралдаанд орохдоо үзэгчдэд уриа лоозон сонсгож, улс төрчдийн бодлогыг дэмжихэд бэлэн биш байна. Би бол улс төрийн зэвсэг биш, зүгээр л дуучин хүн” гэж бичжээ.

Одоо шалгаруулалтыг зохион байгуулагчид Марувын оронд Eurovision наадамд Украиныг төлөөлөх өөр дуучныг сонгохоор болсон байна.

Украины засгийн газрын шадар сайд Вячеслав Кырыленко “Эзлэн түрэмгийлэгч улсад аялан тоглолт хийдэг, цаашдаа ч хийх төлөвлөгөөтэй байгаа уран бүтээлч Украиныг олон улсын тавцан дээр төлөөлөх эрхгүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Марув өмнө нь ч Оросын талаар үзэл бодлоосоо болоод эрх баригчдад шүүмжлүүлж байсан удаатай. Сэтгүүлч ОХУ-ыг эзлэн түрэмгийлэгч улс мөн эсэхийг асуухад тэр “аливаа улс орон муу удирдагчтай байгаа нь тэр үндэстэн бүхэлдээ дайсан гэсэн үг биш” хэмээн хариулж байв.

Одоо Марувын фэнүүд Eurovision наадамд хайртай дуучнаа оролцуулах онлайн хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

2014 онд Украины харьяанд байсан Крымийн хойгийг ОХУ эзлэн авч өөртөө нэгтгэсний дараа Киев-Москвагийн харилцаа муудаж, зөрчил нь улс төрөөс гадна урлаг соёлын салбарт хүртэл нөлөөлөх болоод байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty