Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд мэндэлсэн хамгийн бяцхан хүү гэртээ харьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ ертөнцөд эхээс мэндлэхдээ дөнгөж 268 грамм жинтэй байсан хүүг өсгөж томруулан 3,238 грамм жинтэй болгоод эмнэлгээс гаргаснаа Токиогийн Кэйо их сургууль өчигдөр зарлажээ.

Ингэснээр энэ хүү хамгийн бага жинтэй төрөөд эсэн мэнд үлдсэн нярай болж дэлхийд бүртгэгдэж байгаа юм байна.

Өмнө нь бүртгэгдсэн хамгийн бага жингийн эзэн нь 2009 онд Германд төрөхдөө 274 грамм жинтэй байсан хүү ажээ. АНУ-ын Айовагийн их сургууль дэлхий дахинд мэндэлсэн хамгийн бага жинтэй хүүхдүүдийг бүртгэдэг юм байна.

Дэлхийд хамгийн бага жинтэй төрсөн охиноор 2015 онд Германд 252 грамм жинтэй төрсөн нярай бүртгэгджээ.

Тус бүртгэлд одоогоор 300 граммаас бага жинтэй дутуу төрөөд хэвийн хэмжээнд хүртлээ бойжиж чадсан 23 хүүхдийг бүртгэсэн байдаг. Тэдгээрийн дөрөв нь хүү юм байна.

Токиогийн бяцхан хүүг өнгөрсөн оны наймдугаар сард кесарево хагалгаагаар төрүүлж байсан гэнэ. 24 долоо хоногийн турш ургийн бие өсөж томроогүй тул эмч нар амийг нь аврахын тулд ийм шийдвэр гаргаж байжээ.

1,000 грамм хүрэхгүй жинтэй төрсөн хүүхдүүдийн эсэн мэнд үлдэх магадлал Японд 90 хувьтай байдаг бол 300 грамм хүрэхгүй жинтэй нярайн хувьд маш бага байдаг гэнэ. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн хувьд хүн болох магадлал илүү бага байдаг ажээ.

Токиогийн бяцхан хүү өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт эмнэлгээс гэртээ харьсан байна.

 

Эх сурвалж: Kyodo News