Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шиничи Кубота: Боловсролын загвараа монголжуу болгоход анхаарах ёстой

Үндэсний шуудан сонин
2019 оны 2 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гавьяат багш доктор, профессор С.Төмөр-Очир Японы “Сасакава” сангийн ажилтан, Монголч эрдэмтэн доктор Шиничи Кубота гуайтай Токио хотноо уулзаж Япон, Монголын боловсролын харьцуулалтын асуудлаар санал солилцож ярилцсаныг уншигчдад хүргэж байна. Шиничи Кубота гуай ажил хөдөлмөрийнхөө 30 шахам жилийг Монголын боловсролын өөрчлөлт шинэчлэлийн судалгаанд зориулжээ.

-Та Монголыг судалж эхэлсэн он жилүүдийнхээ тухай дурсаач?

-Би Японы Ишикава мужид төрж өссөн хүн. Мужийнхаа Каназава хотын Каназава их сургуулийн харьяа дунд сургууль дүүргээд Токиогийн гадаад хэлний их сургуулийн монгол хэлний ангид үргэлжлүүлэн суралцаж төгссөн. Дараа нь “Тайшо" гэдэг хувийн их сургуулийн аспирантын сургуульд оюутан болж төгсөөд докторын зэрэг хамгаалсан.
Үүний дараа Өмөрмонголд очиж залуучуудад гурван жил Япон хэл заасан. Би тариачин гаралтай хүн. Одоо ч Нийгатад жижиг тариалангийн газартай.

Ойрын жилүүдэд тэтгэвэртээ суугаад ээжийнхээ эзэмшлийн газар дээр тариа тарьж амьдрах бодолтой байгаа. Би уг нь “Монголын нууц товчоо”-гоор судалгаа хийх сонирхолтой байтал Озава багш яагаад ч юм өөр сэдэв сонгох талаар зөвлөсөн. Багшийнхаа зөвлөсний дагуу Чин улсын үеийн газар тариалангийн түүхийн асуудлаар судалгааны ажил хийж эхэлсэн юм.

Ингэж доктор профессорын ажлаа Чин улсын газар тариалангийн түүхээр бичиж хамгаалсан. Өвөрмонголд ажиллах үедээ монгол хэлээ сайжруулахын тулд хууль цаазын бичиг, Өвөрмонголд газар тариалан яаж үүссэн, тариа хэрхэн хурааж байсан тухай архивын материал судалж байтал буддын шашны түүхийг Монголоор бичсэн материал олдсон. Өмнө нь төвд хэл дээрх буддын шашны түүх үзэж байснаас өөр хэл дээр бичсэн түүхийг олж үзсэн судлаач байгаагүй. Уг эх сурвалжийг гүнзгийрүүлэн судалтал, Төвд хэл дээр бичигдсэнтэй утга агуулга нь тун их ойролцоо байсан. Тэгээд л шууд буддын шашны түүхийг сонирхон судлах болсон юм. Судлаад одоо 30-аад жил болжээ.

Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжих үеэс Японы туслалцаа дэмжлэг чухал болсон. Тэр үед Японы Засгийн газраас Монголын талаар судалгаа хийдэг, Монголын эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсийг хайж эхлэхэд миний нэр дэвшиж, Японы Засгийн газар, Жайка, Сасакава сангаас хэрэгжүүлсэн төслүүдэд ажиллах болсноос хойш олон жил өнгөрчээ.

-Тэгвэл, манай орны 1991 оноос өнөөг хүртэлх хугацааны боловсролын өөрчлөлт шинэчлэлийг гадны хүний нүдээр харахад ямар сэтгэгдэл төрдгийг илэн далангүй хэлэх болов уу. Би ч бас тантай өөрийн бодол санаагаа хуваалцъя.

-Яг миний судалгаа хийж эхэлсэн үед Монгол Улс хуучин боловсролын системээ өөрчилж шинэ системд шилжих эхлэл тавигдаж байв. Танайх социалист орос маягийн боловсролын системтэй байсан шүү дээ. Тэр системийг би муугүй систем гэж боддог. Өөрчлөх шинэчлэх юм бас их байсан. Намайг судалгаа хийж эхлэх үед Америкийн системийг авч байсан.

Америкийн боловсролын академи, Петсбургийн их сургуулийн боловсролын сургууль, Данийн DanEduc- тэй хамтарч боловсруулаад Азийн хөгжлийн банк ивээн тэтгэж Японы тусгай сангаас санхүүжүүлсэн “Монголын боловсрол хүний хүчин зүйл” мастер төлөвлөгөө батлагдаж хэрэгжүүлж байсан.

Монголын шинэчлэн батлагдсан 1995 оны боловсролын хууль ч энэ судалгаанд тулгуурлан Америк загварыг авсан. Аль ч оронд боловсрол ийм маягаар л хөгжиж эхэлдэг. Японы боловсрол ч Мэйжигийн үед өөрчлөлт шинэчлэлт хийхдээ Барууны загварыг авсан. Хамгийн гол нь аль ч орны загварыг авсан түүнийгээ яг өөрийн болгох ёстой. Ямар ч өөрчлөлтгүй механикаар шууд хуулж болохгүй. Япон Улс барууны орнуудын загварыг аваад тэдний аль алинаас нь эрс ялгаатай Япон боловсролын системтэй болж чадсанд гол ололт байгаа гэж боддог.

Монгол Улс энэ тал дээр тааруу ажилласан гэж санагдаж байна. Ер нь монгол хүний онцлогтой энэ нь холбоотой байж магадгүй. Монголд буддын шашин Төвдөөс уламжлагдан ирсэн. Шашны номлолыг танай ард түмэн өөрийн болгож чадаагүй гэж боддог. Одоо хүртэл бурхны номоо төвд хэл дээр уншиж байна. Гэтэл Монголын хүн амын хэдэн хувь нь Төвд хэл мэддэг билээ. Бодох ёстой асуудал байх.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн системээс 12 жилийн системд шилжсэнээс өөр дорвитой, үр дүнтэй өөрчлөлт бараг хийсэнгүй дээ гэж заримдаа бодох юм. Одоо дэлхийд Японы машин үйлдвэрлэл ялангуяа “Тоёото” тэргүүлж байна. Уг нь машины үйлдвэрлэлийг бид Америкаас оруулж ирсэн. Түүнийгээ жинхэнэ япон машин болгож чадсанд л байгаа юм.

-Үнэхээр тийм. Монгол Улсад Японы Элчин сайдаар ажиллаж байсан нэгэн надад ярихдаа, “Манай “Ланд круизер” чинь Монголд төрсөн шүү дээ. Японы анхны тусламж болгож эмнэлгийн түргэн тусламжийн “Ланд круизер” маркийн таван машин бэлэглэсэн юм. Тэр машины жолооч нараас энэ машины сайн тал нь юу байна, дутагдал нь юу болох, түүнийг яаж өөрчлөх вэ гэсэн саналыг жил бүр авдаг байв. Тэгээд “Суудлыг нь засмаар байна”, “Их ус руу орохоор цонхоор нь ус ороод байна. Шаварт суухдаа амархан. Шавар усанд суух үед нь өөрийгөө татаад гаргачихдаг болмоор байна” гэх зэрэг олон санал ирсэн. Энэ бүх саналыг “Тоёото” үйлдвэрт хүргүүлж уг үйлдвэр саналын дагуу өөрчлөлт хийдэг байсан. Ингэснээр Монголын хөдөөгийн бартаат замд тохирсон машин бий болсон түүхтэй. Монголын хөдөөд ямар ч саадгүй явдаг, эрс тэс цаг уур амьсгалд тохирсон машин дэлхийн бартаат замын хамгийн сайн машин болохоос яах вэ дээ” гэж байсан. Та Монголын боловсролын системийг өөрчилж байгаа 30 шахам жилийн 28 жилд нь Монголтой хамтарч ажиллажээ. Бидэнд цаашид анхаармаар зүйл юу байна вэ?

-Одоо боловсролын гадны загвараа Монгол орны эдийн засаг, байгаль цаг уур, ард түмнийхээ зан заншил, монгол соёл, монгол хүүхдийнхээ оюуны онцлогт тохируулж монголжуу болгоход анхаарах ёстой. Тэрнээс яг япон хүүхэд шиг америк, англи, сингапур, финлянд хүүхэд шиг болгох гэсний хэрэггүй, тийм болох ч үгүй. Нөгөө талаар аливаа шинэ агуулга, шинэ арга барилыг нэвтрүүлэхдээ бэлтгэл сайн хийх хэрэгтэй юм.

Дараа нь боловсролын Их сургуулийн дэргэдэх сургуульд ч юм уу, цөөн тооны сургуульд туршаад үр дүнг нь тооцон үзэж байж орон даяар нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр туршаагүй нэвтрүүлснээр нэг үеийн бүх хүүхэд бүгдээрээ хохирох байдал бий болдог. Боловсролын өөрчлөлтийг хийхдээ сайн бодолцох ёстой зүйл бол цаг хугацааг сайн тооцох явдал. Монголд Засгийн газар дөрвөн жилийн хугацаатай.

Нэг сайд гарч ирээд өмнөх ажлынхаа ололт амжилт, алдаа дутагдалд дүгнэлт хийлгүйгээр гэнэт өөрчлөлт хийдэг. Бүр сургалтын ажлын үндэс болсон сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөө хүртэл өөрчлөх юм. Үүнийг болих хэрэгтэй. Сургалтын үр дүн чинь 1-12 дугаар ангид суралцаж байж гардаг. Ингэсний дараа төлөвлөгөө, хөтөлбөр, тэдгээрийн уялдаа холбоо, залгамж чанарыг өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

Өнгөрсөн 20 гаруй жил Америкийн боловсролын загвараар явснаа дүгнэж үзэх ёстой байх. Миний бодлоор Америк загвар Монгол орны нөхцөлд ялангуяа Ерөнхий боловсролын хувьд тохиромж муутай байна. Америк боловсролын системийг дээд боловсролд ашиглахад тохиромжтой зүйл илүүтэй байгааг үгүйсгэхгүй.

-Тантай санал нэг байна. Америкийн систем бол хэтэрхий чөлөөт систем. Хувь хүний эрх чөлөө, чөлөөт байдлыг хамгийн гол үндсээ болгодог систем л дээ. Бид Америкийн системийг хамгийн сайн тохирох систем гээд сонгосны дараа америкчууд өөрсдийнхөө ерөнхий боловсрол олгодог системийг шүүмжлээд өөрчлөх арга замаа хайж байна шүү дээ. “Сасакава” сангийн үйл ажиллагааны сүүлийн үеийн сониноос ярьж өгнө үү?

-Би санаачилгаараа “Сасакава” сангаас төсөл боловсруулж "Монгол Коосэн” гэдэг хөтөлбөр таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. 2019 оны гуравдугаар сард дуусна. Техник технологийн чиглэлээр гараар нь юм хийж сургаад дараа нь онолын мэдлэгийг нь олгодог. Японд их үр ашгаа өгч байгаа. Телевизээр явдаг Робоконы тэмцээнийг та үзсэн байх. Энд өрсөлдөж байгаа хүүхдүүд чинь манай Коосэний сурагчид шүү дээ. Ийм мэргэжлийн залуучууд Улс орны хөгжилд их хэрэгтэй байна.

Таны байнга шахам ярьдаг Монголын мал аж ахуйн болон газар тариалангийн экологийн цэвэр түүхий эдийг өндөр технологиор боловсруулах хүн чинь эндээс л гарна шүү. Японы боловсролын төвшин өндөр байхад сайн нөлөө үзүүлдэг Японы онцлог бас байна. Жишээлбэл, Япон хэлний онцлог. Хирагана, Катагана, ханз дээр нь ханзны япон дуудлага, хятад дуудлага, гадаад үгийг тэмдэглэх зэрэг болно.

Бараг зургаан өөр хэл үзэж байгаа шиг болно. Удаан хугацаанд үздэг. Энэ нь нэг талаар бэрхшээлтэй мэт боловч цаашид юм сурахад тэвчээртэй өөрийн гэсэн аргатай болгодог. Монголд бас ийм онцлог бий. Крилл, уйгаржин, соёмбо, дөрвөлжин гээд хамгийн олон бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ. Олон үсэгтэй байх нь муу биш гэж би боддог. Солонгос Улс ханз үсгээ алга болгосон учир дээр үеийн түүхээ уншиж чадахгүй болсон. Монголд ч ялгаагүй. Эрдэнийн эрх, Алтан товчоо уншиж чадахаа больсон байгаа шүү дээ.

Бас Монголын ард түмэн бараг 100 хувь бичиг үсэгт тайлагдсан. Тэр нь боловсрол эзэмших сайн орчин болдог. Орчин маш чухал шүү. Монголд нэг ангид суралцах хүүхдийн тоо хотод хэт олон, мөн зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Цэцэрлэгийн тоо хүрэлцээгүй байна. Сургалтын тоног төхөөрөмж тааруу байна. Үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой.

-Багаасаа эх хэлээ сурахаас өмнө гадаад хэл сурах нь сэтгэлгээний хөгжилд сайнгүй гэдэг шиг олон үсэг бичиг зэрэг үзэх муу биш үү?

-Энэ бол хоёр өөр асуудал. Олон үсэг үзэх нь соёл байхгүй юу. Цаад үндсэн хэл нь нэг хэл, япон хэл учраас сэтгэлгээний хөгжилд харин ч сайн нөлөө үзүүлнэ. Сурч байх үед жаахан бэрхшээлтэй тал бий. Ямар ч юмыг сурахад заавал бэрхшээл туулна шүү. Бэрхшээлгүй юм гэж огт байхгүй. Юу ч хийхгүй зүгээр хэвтэхэд хүртэл нэг хэвийн, бие чилээд хэцүү биз дээ.

-Байгаль цаг уур тухайн орны хөгжилд сайн, муу аль нэг байдлаар их нөлөөлөх юм. Монгол эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас эдийн засагт сайнгүй нөлөөтэй байдаг. Манайд жилийн дөрвөн улирал ээлжилдэг учраас үүнд тохируулж хувцаслана, хоол ундаа тохируулна, орон гэрээ зохицуулна гээд Япон орноос ил үү их зардал шаардах жишээтэй. Улс орны хилээс гадна байгаль цаг уурын хил байдаг бололтой. Жишээлбэл, Өвөрмонголын Хөх хотын яг араар Далан хар нэртэй өндөр нуруу байна. Энэ нуруу хойноос Монголоос ирэх хүйтнийг хаадаг. Өвөл Далан хар уулын ард хүйтэн байвч Өмнө ба Хөх хотод дулаавтар байдаг. Мөн өмнө зүгээс ирэх дулаан чийглэг уур амьсгалыг бас хаадаг. Далан хар уулын ард Монголд чийг багатай хуурай байдаг. Гэтэл Оросоос хүйтэн уур амьсгал, дулаан аль аль нь чөлөөтэй орж ирдэг. Сибирийн хүйтэн 3-4 хоногийн дараа л ирнэ шүү дээ. Энэ байдал бас соёл иргэншилд нөлөөлдөг бололтой. Хятад соёл монгол соёл хоёр маш их ялгаатай. Уг нь олон мянган жил хаяа нийлж зарим үед нэг газар нутаг дээр амьдарч байсан ард түмний соёл нэг нь нөгөөдөө шингэж уусах үзэгдэл байдаг. Гэтэл Хятад, Монгол хоёрт энэ үзэгдэл бараг байдаггүй. Гэтэл Европ соёл Оросоор дамжиж Монголд их орж ирж нутагшсан байх юм. Би Монгол ардын уртын дуу судалж Хөх хотоос баруун тийш бараг бүх хөдөөний монгол айлаар орсон. Тэд нар монгол ёс заншил, хэлээ маш сайн хадгалсан юм билээ. Харин Монгол-Японы ард түмний соёлд харилцан нөлөөлөл байдаг болов уу. Энэ талаар таны бодол?

-Мэдээж нөлөөлнө. Би харин Монгол, Японы ард түмний хооронд соёлын хувьд төсөөтэй зүйл их байна гэж хардаг. Япон арлын орон, соёл болон бусад нөлөө зүүн талаас ирэх бололцоо байхгүй. Харин баруун талаас л ирсэн байж таарна. Бичиг үсэг гэхэд Хятадаас аваад Япон болгосон шүү дээ. Үүн шиг ойрхон орны тоонд Монгол орно. Зарим судлаачид хүн төв Азийн өндөрлөгт үүссэн ч гэдэг биз дээ. Тиймээс Японы боловсролын системээс суралцахаар төлөвлөж буйг чинь би ихэд дэмжиж байгаа юм.

Цаг зав гаргаж санасан бодсоноо илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Бидний яриа цаашид нь үр дүнгээ өгөх олон санаа агуулсан гэдэгт итгэлтэй байна.

Зураг