Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүдийн ирцийг гар утсанд суурилсан технологиор бүртгэнэ

Б.Номин, Үндэсний шуудан
2019 оны 2 сарын 26
Хөдөлмөрийн Үндэсний Нам
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дэгийн тухай хууль өнгөрсөн намрын чуулганаас хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэнээр чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн дүүрэн хариулах эрх зүйн орчин бүрдсэн. Хэрэв холбогдох албан тушаалтан УИХ-д худал мэдээлэл өгсөн бол түүнд хуулийн хариуцлага тооцох зохицуулалтыг Дэгийн тухай хуулиар бий болгосон.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн парламентын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх тал дээр нэлээд дэвшил гарсан гэж болно. Үүнд, гишүүдийн чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг cap бүр гаргаж, олон нийтэд мэдээлэхээр хуульчилсан. Мөн биеийн давхцалгүй өгөгдөл болох хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүртгэж, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхөөр болсон нь энэ хуулийн амин сүнс юм.

Олон нийтийн дагаж мөрдөх хууль, тогтоол, шийдвэрийг баталдаг УИХ-ын гишүүдийн хуулийн төсөл хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд оролцох оролцоо нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Ерөнхийдөө чуулганы хуралдаанд 39 гишүүн картаа шургуулчихаад 50 хувийн ирцээ бүрдүүлж, хэн ойр байгаа нэгнийхээ өмнөөс кноп дарж, хууль баталж, унагах боломжтой байгаа нь сайн хууль төрсөн эсэхэд эргэлзэхээс өөр аргагүй болж байгаа юм.

Нөгөө талдаа байнгын хороонд 4-5 гишүүн суучихаад хууль хэлэлцэх нь хэвийн үзэгдэл болсон. Эл бүгдийг дэгэнд оруулахаар хууль батлахад технологийн дэвшлийг ашиглахаар болж байгаа нь энэ. Хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бөгөөд энэ өдрөөс гишүүд зөвхөн хурууны хээгээрээ хууль батлах үйл ажиллагаанд оролцохоор тусгасан. Хууль хэдийгээр намрын чуулганаас хэрэгжиж эхэлсэн ч техник, технологийн бэлтгэл хангаж, төхөөрөмж суурилуулалтыг бүрэн дүүрэн хийх хугацааг дөрөвдүгээр сарын 5-наас товлон УИХ-ын Тамгын газарт үүрэг өгсөн байдаг.

Тоног, төхөөрөмжийн бэлтгэл ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодруулахад “Хуулийн хэрэгжилтийг хангахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Хугацаанд нь амжуулна” гэлээ. Түүнээс технологийн суурилуулалттай холбоотой зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

Ц.ЦОЛМОН: БАГА ЗАРДЛААР ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

-Биеийн давхцалгүй өгөгдөл болох хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүртгэж, санал авах төхөөрөмжийг хаврын чуулганаас ашиглахаар байгаа. Бэлтгэл ажил ямар шатанд байна вэ?

-Би өглөө бүр ажлын явцыг сонсож байгаа. Цаг хугацаанд нь амжуулахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Төхөөрөмжийн талаар мэдээлэл өгнө үү?

-Хамгийн сайн компаниар хийлгэнэ гэсэн шаардлага тавьсан. Ер нь хурууны хээгээр таних технологийн хувьд маш сайн хөгжсөн юм билээ. Надад танилцуулснаар төхөөрөмжийг гар утасны хурууны хээ таних технологид суурилуулж хийж байгаа. Гар утсанд суурилсан хурууны хээ таних технологийг дэлхий даяар хэрэглэж, туршигдсан. Хүн бүр л хэрэглэж байна.

-Сонгон шалгаруулалтыг хэрхэн хийсэн бэ?

-Сонгон шалгаруулалтыг үнэлгээний хороо байгуулж шалгаруулсан. ТЕГ-аас холбогдох бичиг авах зэрэг бүх журмынхаа дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн. Суурилуулсны дараа ажлын хэсэг байгуулна. Үүнд хоёр намын бүлгийн ажлын алба, бие даагчдын төлөөлөл, ТЕГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг холбогдох байгууллагаас ажлын хэсэг гарч бүх төхөөрөмжийг тестэлж үзнэ. Ер нь шууд угсраад ашиглана гэсэн ойлголт байхгүй. Маш олон хүн шалгаж, систем алдаагүй ажиллаж байна гэвэл дөрөвдүгээр сарын 5-наас ашиглаж эхэлнэ. Жаахан ч гэсэн алдаа гарч, эргэлзээтэй байвал ашиглах боломжгүй гэсэн үг.

-Төхөөрөмж суурилуулах зардлыг төсөвт суулгана гэж байсан. Хэдэн төгрөг тусгасан юм бол?

-Ер нь технологио бүгдийг нь солино, өөрчилнө гэвэл маш их зардал гарах юм билээ. Бид аль болох төсөвт дарамт учруулахгүй, бага хэмжээний хөрөнгөөр ухаалаг, зөв шийдэл гаргахыг зорьж байгаа. Төсөв батлагдахаас өмнө буюу арваннэгдүгээр сараас бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Үйлчлэх хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс байсан учир цаг хугацаанд шахагдахгүйн тулд арваннэгдүгээр сараас техникийн шийдлүүдээ гаргаж, аль болох бага зардлаар, цомхон, тэгсэн хэр нь алдаагүй, найдвартай ажиллах технологийг сонгосон. Тэр нь гар утсанд суурилсан хурууны хээ унших технологи байсан.

-Чуулганы хуралдааны танхимаас гадна байнгын хороо хуралддаг танхимуудад суурилуулах байх?

-Тэгэлгүй яах вэ. Хуулиндаа тусгасан учир байнгын хорооны танхимуудад мөн суурилуулна.

ДЭГИЙН ХУУЛЬ ДЭВШИЛ ҮҮ, УХРАЛТ УУ

Ямартай ч хурууны хээ ашиглан ирц бүртгэх, санал авах, үг хэлэх эрх олгох үүрэг бүхий тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл хангагдаж байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээлж байна. Ингэснээр Өглөө нь хуралдаанд ирж, картаа шургуулчихаад гараад явчихдаг, тэр ирцээр нь чуулган, байнгын хороо өдөржин хуралддаг байдал үгүй болж гишүүд өөрийн биеэр хуралдаандаа сууж, кноп дарахаас өөр аргагүй болж байна.

Гэвч нөгөө талдаа чуулганд суугаагүй гишүүдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох нь чухал. Учир нь хурууны хээг ашигладаг болсноор чуулганы ирц хүрэхгүй байх, цаашлаад төрийн ажил тасралтгүй үргэлжлэх зарчмаа алдах эрсдэлтэй. Нэг ёсондоо гишүүдийн идэвхээс харвал ирц хүрэхгүй, чуулган, байнгын хороо хуралдаж чадахгүй байх магадлалтай юм.

Уг нь Дэгийн тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс хэтэрсэн таслалттай бол эгүүлэн татахаар хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт тусгасан байсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад уг заалтыг хассан билээ. Мөн хуралдаандаа алдаг, оног суудаг Б.Наранхүү гишүүнийг эгүүлэн татахаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч тусыг эс олсон. Өнгөрсөн намрын чуулганаар хэсэг гишүүний бойкотоос болж 40 гаруй хоног УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад мөн л хариуцлага тооцож чадаагүй.

Apга ядахдаа УИХ-ын дарга “Тасалсан цагийг цалингаас нь хасна” гэдгээ мэдэгдэж байсан ч тэдний хувь дорвитой шийтгэл болж чадахгүй нь тодорхой. Тиймээс хуулиар бүрэн хамгаалагдсан гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд бүрэн эрхтэй нь ярихаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм Эс бөгөөс Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт дэвшил бус төрийн ажлыг гацаасан ухралт ч болох эрсдэлтэй.