Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГХЭГ-аас 1992 онд хийсэн хувьчлалын үр дүнг шалгах ажлын хэсэг байгуулав

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзлаа.

Уг уулзалтаар хөрөнгө оруулалтын эрхийн цэнхэр, ягаан тасалбараар хийгдсэн өмч хувьчлалын талаар судлан дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулж буй талаар мэдэгдэв.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай  албан бичгийг Засгийн газарт ирүүлсэн. МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл технологийн газар, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг хэлэлцэж байгаа. 

Бидний хувьд 1992 онд нэг хувьчлал хийсэн. Тухайн үед төрийн өмчийн 928 төрийн эзэмшлийн объектыг хувьчилсан. Тухайн байгууллагын ажилтнуудыг авч үлдэх, үндсэн чиглэлийг нь өөрчлөхгүй байх гэсэн хоёр шаардлагын дагуу хувьчилсан. 

Иргэдийн дунд энэ хувьчлал шударга бус болсон. Эрх мэдэлтэй хэдхэн хүний компани авсан. Ногдол ашиг тараах ажил санасан түвшинд хүрээгүй гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг бид нэгдсэн байдлаар дүгнэлгүй өнөөдрийг хүрлээ. Яагаад тэр компаниуд ногдол ашгаа хуваарилдаггүй юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хувьчлагдсан 928 төрийн өмчит компани ямар байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа, үндсэн зорилгоосоо гажсан уу, тэнд ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн асуудал шийдвэрлэгдэж чадсан уу үгүй юу гэдгийг судлаж, танилцуулах шаардлагатай байна.

Яагаад менежментийн хувьчлалтай холбоотой асуудал шударга биш гэсэн хардлага дагуулж байна вэ. Үнэхээр тухайн ААН-үүд ногдол ашиг тарааж чадахааргүй хэмжээнд ашиггүй ажиллаад байна уу эсвэл татвар нуун дарагдуулах замаар ашгаа худал мэдүүлээд байна уу гэдгийг дүгнэх хэрэгтэй байна" гэлээ. 

Энэхүү ажлыг дүгнэх ажлын хэсэгт 60 хоногийн хугацаа өгч байгаа аж. Үүний дараа 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг Засгийн газраас баримталж байгаа юм байна.