Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Окинава арлын иргэд АНУ-ын цэргийн баазыг нүүлгэхийг эсэргүүцсэн санал өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Японы Окинава арлын захиргаа тус аралд байрладаг АНУ-ын цэргийн баазыг нүүлгэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгууллаа.

Үр дүн нь Окинавагийн ард иргэдийн дуу хоолойг Токиогийн засгийн газрын чихэнд хүргэж, шийдвэрт нь нөлөөлнө хэмээн найдсаны үндсэн дээр бэлгэдлийн чанартай уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Санал хураалтад Окинавагийн 1.15 сая сонгогчийн 52 хувь оролцсоноос 72 хувь нь АНУ-ын цэргийн баазыг шилжүүлэхийг эсэргүүцэж, 19 хувь нь дэмжсэн байна.

Үлдсэн хэсэг нь “аль нь ч биш” гэсэн гурав дахь сонголтыг хийжээ.

Окинава арлын захирагч Дэнни Тамаки санал хураалт амжилттай зохион байгуулагдсаныг зарлаад “ард иргэдийн саналыг хүндэтгэн үзэж, цэргийн баазыг шилжүүлэх ажиллагааг зогсоохыг” төв засгийн газартаа уриалжээ.

АНУ-ын цэргийн бааз нь одоо тус арлын хүн ам шигүү суурьшсан бүсэд байрладаг. 1996 онд хэсэг америк цэргүүд сурагч охиныг бүлэглэн хүчиндсэн хэргийн дараа арлын иргэдийн бухимдлыг намжаахын тулд цэргийн баазыг арлын алслагдсан хэсэгт нүүлгэх тохиролцоог Вашингтон, Токиогийн эрх баригчид хийж байв.

Гэвч уг төсөл орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн үр дүнд хойшилсоор өдийг хүрсэн байна. Нэг талаас цэргийн баазын дуу чимээ, цэргүүдийн өдүүлдэг гэмт хэргээс залхсан иргэд нүүлгэхийг дэмжиж байгаа. Арлын захирагч Дэнни Тамаки нь өөрөө арлын уугуул оршин суугч эмэгтэйгээс төрсөн америк цэргийн хүүхэд юм.

Гэхдээ нөгөө талаас Окинавачууд цэргийн баазыг нэг цэгээс нөгөө цэгт шилжүүлэх замаар асуудлыг шийдэлгүй, харин бүр мөсөн арлаас явуулах хүсэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын цэргийн баазыг Японы өөр бүс нутагт шилжүүлж, Окинава арлаас бүрэн зайлуулахыг арлын иргэдийн ихэнх хэсэг дэмжиж байна.

Окинава арал Японы газар нутгийн нэг хүрэхгүй хувийг эзэлдэг ч Японд байрлаж буй АНУ-ын 47,000 орчим цэргийн талаас илүүг нь агуулдаг.

Тайвань, Хятадад ойр байрладаг Окинава арал АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байрлал юм.

Санал хураалт хууль ёсны арга хэмжээ биш тул үр дүн нь засгийн газрын бодлогод нөлөөлөх эсэх эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: AFP