Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын ханхүү Шинжаанд явуулж байгаа Хятадын бодлогыг дэмжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятад улсад хоёр өдрийн айлчлал хийсэн Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман нийт хоёр сая орчим муслим иргэдийн эрхийг зөрчиж байгаа Бээжингийн удирдагчдын бодлогыг хамгаалсан байр сууриа илэрхийлснийг Синьхуа агентлаг өчигдөр мэдээлжээ.

Голдуу уйгар үндэстэн амьдардаг Шинжааны бүс нутагт олон мянган камерын системээр иргэдийг хянаж, шашны зан үйлийг нь хориглон, улс төрийн дахин боловсрол олгох төвүүдэд олноор нь хорьж цагдаж байгаа явдлыг өрнөдийн орнууд шүүмжилдэг.

Тэднээс гадна Исламын шашинт улс орнууд, тухайлбал Турк улс Бээжингийн бодлогыг шүүмжилсэн мэдэгдэл гаргаад байгаа билээ.

Харин Исламын ертөнцийн нөлөө бүхий улс Саудын Араб муслим иргэдийн эрхийг зөрчиж буй уг явдлыг хараагүй мэт өнөгөрөхөөр шийдсэн байна.

Синьхуагийн мэдээнд өгүүлснээр ханхүү Мохаммед Бин Салман Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинд хандаж “Үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд терроризм, экстремизмтэй тэмцэж буй Хятад улсын бодлогыг бид хүндэлж, дэмжинэ”хэмээн хэлжээ.

Тэр ингэхдээ Шинжаан, Уйгар гэсэн нэр томьёог дурдаагүй байна.

Ханхүүгийн айлчлалын үеэр Саудын Араб, Хятад улсууд эдийн засгийн хамтын ажиллагааны нийт $28 тэрбумын дүнтэй 35 гэрээнд гарын үсэг зуржээ.

Хятадын Шинжаанд явуулж буй бодлогыг ханхүү дэмжсэн нь Исламын ертөнцөд чухал нөлөөтэй үйлдэл юм.

Ханхүүгийн эцэг, эзэн хаан Салман нь Саудын Арабын Мекка, Медина хотуудад оршдог Исламын ариун сүм хийдүүдийн хамгаалагч хэмээн өргөмжлөгддөг.

Хятадын тал Саудын ханхүүгийн мэдэгдлийн хариуд тус улс дахь хүний эрхийн асуудлыг шүүмжлэхгүй байхаа амласан байна.

Сэтгүүлч Жамал Хашоггийн аллагын хэрэгт ханхүү Мохаммед Бин Салман холбоотой нь тодорхой болоод байгаа.

Тэгвэл Баасан гарагт ханхүүтэй уулзахдаа Ши Жиньпин Хятад улс “Саудын Арабын дотоод хэрэгт оролцох гэсэн ямар ч алхмыг эсэргүүцнэ” гэж хэлснийг төрийн өмчит CCTV суваг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider