Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Колумбийн эрх баригчид Пабло Эскобарын үл хөдлөх хөрөнгийг нураалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Колумбийн Меделлин хотод оршдог Пабло Эскобарын зургаан давхар орон сууцийг нураах ажиллагаа өчигдөр буюу Баасан гарагт болжээ.

Эскобар нь 1980-аад онд хар тамхины томоохон мафийг байгуулан олон тооны гэмт хэрэг үйлдэж байсан цуутай этгээд юм.

Тэр 1993 онд Меделлин хотод цагдаа нартай буудалцах үеэр алагдаж байжээ. 

Эскобарын байрыг нураахад 180 ширхэг тэсрэгч бодис ашиглаж, ойр орчимд нь амьдардаг 1,500 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Тэсэлгээг орон нутгийн цагаар 11:53 цагт гүйцэтгэжээ.

 

Эскобарыг алагдах үед хүүхэд байсан Колумбийн ерөнхийлөгч Иван Дюк уг ажиллагааг “түүх гэмт этгээдүүдийг алдаршуулах бус, хохирогчдыг дурсан санахын тулд бичигддэгийг баталсан үйл явдал боллоо” хэмээн мэдэгдсэн байна.

Эскобарын орон сууц өнөөдрийг хүртэл жуулчдын зорьж үздэг түүхэн байгууламж болood байв. Нэтфликсийн бүтээсэн “Narcos” цуврал үүнийг алдаршуулахад нэмэр болсон юм.

Хотын захиргаа нураасан барилгын буурин дээр Эскобарын явуулсан хар тамхины дайнд хэлмэгдэж, амь үрэгдсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч дөрвөн эрхэм, 500 орчим цагдаагийн алба хаагч зэрэг хүмүүсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.

 

“Хэлмэгдэгсдэд бид түүхэн өрөө төлөх цаг ирж байна” гэж Меделлин хотын захирагч Федерико Гутеррез барилгыг нураахын өмнө хэлжээ.

Эскобарын араас олон жил мөрдсөн тусгай хүчний командлагч асан Россе Хосе Серрано “Монако” нэртэй ур барилгыг “Гэмт этгээдүүдийн цайз байсан” хэмээн дурсаж ярьсан байна.

Эскобар “Монако”-г эхнэртээ зориулж босгосон бөгөөд гэр бүлийн хамт амьдарч байгаад өрсөлдөгч Кали мафийнхан 1988 онд бөмбөг дэлбэлсний дараа орхиж байжээ.

Цуутай дээрэмчнийг нас барсны дараа цагдаагийнхан уг барилгыг хамгаалалтдаа авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг худалдаж авч зүрхлээгүй нь Эскобарын сүнснээс айсантай холбоотой гэгддэг.

 

 Эх сурвалж: Business Insider