Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сайд парламентын хуралдаанд гурван минут хоцорч ирсэндээ уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газрын олимпийн наадмын бэлтгэл хариуцсан сайд Ёшитака Сакурада парламентын хуралдаанд гурван минут хоцорч ирсэндээ олон нийтээс уучлал гуйжээ.

Сөрөг хүчний хууль тогтоогчид Сакурадаг парламентыг үл хүндэтгэж байна хэмээн шүүмжилж, төсвийн байнгын хорооны хуралдааныг бойкотлосноор таван цаг орчим хугацаагаар саатсан юм.

Байнга хэл аманд орооцолдож байдаг Сакурада сайдад сөрөг хүчнийхэн маш их шүүмжлэлтэй ханддаг бөгөөд огцруулах шаардлагыг байнга тавьдаг.

Өнгөрсөн долоо хоногт тэр Японы олимпийн найдвар, усанд сэлэлтийн залуу од Рикако Ике цус багадалт өвчтэй нь оношлогдсоны дараа тамирчныг буруутгасан өнгө аястай мэдэгдэл хийж олон нийтийг бухимдуулсан юм.

Сакурада “Ике бол олимпоос алтан медаль зүүх боломжтой, бидний найдвар болсон тамирчин. Миний урам үнэхээр их хугарлаа” гэж хэлсэн байна.

Дараа нь тэр энэ үгнийхээ төлөө уучлал гуйсан юм.

Өнгөрсөн онд кибер аюулгүй байдлын асуудал давхар хариуцдаг Сакурада сайд амьдралдаа ганц ч удаа компьютер хэрэглэж үзээгүй гэж ярьсан нь Японд төдийгүй дэлхий дахинд дуулиан тарьж байв.

2016 онд тэр бас дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армид сэкс боолоор ажиллаж байсан эмэгтэйчүүдийг “мэргэжлийн биеэ үнэлэгчид” байсан гэж яриад буруудаж байжээ.

Ёшитака Сакурадаг ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн оны аравдугаар сард Токио 2020 Олимпийн наадмын зохион байгуулалт хариуцсан сайдаар томилж байв. Тэр бас наадмын кибер аюулгүй байдлын асуудлыг хариуцаж байгаа юм.

Энэ долоо хоногийн эхээр Асахи Шимбун сонинд нийтлэгдсэн санал асуулгын дүнгээр иргэдийн 65 хувь нь Сакурадаг уг албан тушаалд тохирохгүй хүн гэж үзсэн бол 13 хувь нь тохирно гэж хариулсан байна.

 

Эх сурвалж: BBC