Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Такешима арлыг өөрийн газар нутаг болохыг дахин батлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
"Такешимагийн өдөр" арга хэмжээ зохиогдож буй газрын гадна үндсэрхэг үзэлтнүүд цагдаа нартай тулгараад байгаа нь

2006 оноос хойш жил бүрийн хоёрдугаар сарын 22-ны өдрийг Японы Шимане мужийн захиргаа “Такешимагийн өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. 

Япончууд Такешима, солонгосчууд Докдо хэмээн нэрлэдэг хос хадан цохионоос бүрдэх арлыг Япон, Өмнөд Солонгос улсууд өөрийн газар нутаг хэмээн маргадаг.

2006 онд Японы засгийн газар Такешима арлыг Шимане мужийн харьяанд бүртгэсний 100 жилийн ойг тохиолдуулан “Такешимагийн өдөр”-ийг бий болгосон юм.

Өнөөдрийн арга хэмжээнд Японы засгийн газрын дэд сайд Хироши Андо оролцож, тус арлыг өөрийн улсын газар нутгийн нэг хэсэг болохыг батлан илэрхийлжээ.

Тэр “Өмнөд Солонгосын хууль бусаар эзлэн авсан Такешима арал нь манай улсын газар нутгийн салшгүй хэсэг болохыг түүхэн баримтууд, олон улсын хууль тогтоомжууд баталдаг. Бид хатуу байр сууриа Өмнөд Солонгосын талд тасралтгүй илэрхийлж, шаардлагаа үргэлжлүүлэн хүргэх болно” гэж мэдэгдсэн байна.

Токиогийн төв засгийн газар Шиманегийн арга хэмжээнд 2013 оноос хойш Андогийн түвшний албан тушаалтныг байнга оролцуулж байгаа юм.

Хүн амьдардаггүй, 0.2 км.кв талбайтай, галт уулын дэлбэрэлтээс үүссэн Такешима арал нь багахан хэмжээний өвс ургамал, цэвэр устай. Харин арлын орчмын ус нь загасны нөөцөөр баялаг юм.

Аль аль улсын эргээс 200 орчим километр зайтай оршдог уг арлыг Өмнөд Солонгосын тал 1954 оноос хойш хяналтдаа аваад байгаа ажээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын санхүүжилтээр 2012 онд арал орчмын ус болон далайн ёроолд судалгаа хийсэн нь саяхан илэрснээр хоёр орны газар нутгийн маргаан дахин эрчимжээд байгаа юм.

Үүнээс гадна хөрш хоёр улсын хооронд 1910-1945 онд тогтож байсан Японы колоничлолоос үүдэлтэй олон маргаан зөрчил үргэлжилсээр байдаг. 

 

Эх сурвалж: Kyodo News