Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп 6G технологиор дэлхийд тэргүүлэхийг Америкийн компаниудад уриалав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны хамгийн орчин үеийн технологи болох тавдугаар үеийн 5G сүлжээ хүмүүсийн хэрэглээнд нэвтрэх цаг үе ойртож байгаа билээ.

Энэхүү технологийн дэвшилд тэргүүлэх байр суурьтай оролцохын төлөө их гүрнүүд өрсөлдөж байгаа нь АНУ-Хятадын хооронд өрнөж буй Хуавэй компанитай холбоотой сөргөлдөөнөөс харагдаж байна.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр энэ талаар твиттер хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн арав орчим жил хөгжүүлсэн 5G технологи одоо л хэлбэрээ олж байх үед Трамп 6G гэсэн нэр томьёог гаргаж ирсэн нь анхаарал татаж байна.

“Би АНУ-д 5G, тэр ч байтугай 6G технологи аль болох хурдан бий болоосой гэж хүсэж байна. Америкийн компаниуд түрүүлж алхах хэрэгтэй, үгүй бол хоцрох аюултай” гэж эхний жиргээндээ бичжээ.

Хэдхэн хоногийн өмнө дэлхийд 5G технологиор тэргүүлж буй Хуавэй компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУ энэ чиглэлд дэлхийн зарим улсуудаас хоцрох эрсдэлтэй байгааг анхааруулсан юм.

Вашингтоны засаг захиргаа тус компанийг Хятадын засгийн газрын тагнуулын ажиллагаанд тусалдаг байж болзошгүй тул тоног төхөөрөмжийг нь худалдаж авахгүй байхыг холбоотнууддаа уриалж байгаа.

Харин Рэн Жэнфэй болон Хуавэй компани уг сэжгийг эрс няцаасаар байна.

5G технологи бол одоогийн 4G LTE технологийн залгамжлагч бөгөөд өмнөх үеэсээ 100 хүртэл дахин өндөр хурдаар мэдээлэл дамжуулдаг гэгддэг.

Харин 6G-ийн талаар ойлголт одоохондоо маш бүрхэг байгаа бөгөөд 2030 оноос хойш хэрэгжих зүйл гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа.

Трампын мэдэгдлээс харвал АНУ 5G технологийн хувьд нэгэнт хоцорсон тул дараагийн 6G технологийн үед амдаж гүйцэх санааг илэрхийлж байж магадгүй гэж зарим ажиглагчид дүгнэжээ.

Трампын жиргээний үргэлжлэлд “Ирээдүйг тодорхойлох нь гарцаагүй зүйл дээр бид хоцрогдох ёсгүй. АНУ­-ыг дэвшилтэт технологийн салбаруудад хаалт хориг тавих аргаар биш, өрсөлдөөнөөр тэргүүлээсэй гэж би хүсэж байна. Бид бүх салбарт үргэлж тэргүүлэгч байх ёстой. Тэр тусмаа технологийн гайхамшигт ертөнцөд!” гэсэн байна.

 

Эх сурвалж: Independent