Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадны банк охин компани байгуулахаас бусад хэлбэрээр орж ирвэл Монголын хуульд захирагдахгүй"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэл ажлыг хангах хүрээнд УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк  хамтран "Тинк банк 2019-Мөнгө санхүүгийн орчин" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. 


Хэлэлцүүлгийн үеэр "Глобал" эдийн засгийн хүрээлэнгийн захирал, эдийн засагч Р.Амаржаргал "Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам" сэдвээр хийсэн судалгаагаа танилцуулсан юм. 

Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-д хоёр жилийн өмнө өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй өдий хүрсэн билээ. Гадны банк Монголд орж ирэх нь сайн, муу хэмээн ярьдаг ч энэ талаар тухайлбал судалгаа чамлалттай, бараг байдаггүй бөгөөд “Глобал” хүрээлэн Монголд анх удаа макро стресс тестийн аргыг ашиглан энэ талаар шинэ судалгаа хийснийг Р.Амаржаргал онцолсон юм.

“Банкны салбарын нэгдсэн дүн, тооцоо үнэн юм, уу худлаа юм уу гэдэгт би бол эргэлздэг”

Тэрбээр судалгааны дүнгээ танилцуулахын өмнө судлах явцад тулгарсан бэрхшээлүүдийг тодотгож, анхааруулсан. 

“Уг нь манай статистикийн байгууллагуудаас хамгийн гайгүй нь Монголбанк, банкны систем шүү дээ. Гэвч бидэнд олдсон датанаас үзэхэд хэр зэрэг үнэн, бодитой мэдээлэл бэлтгэдгийг хэлэхэд их түвэгтэй. 

Банкны салбарын нэгдсэн дүн, тооцоо үнэн юм, уу худлаа юм уу гэдэгт би бол эргэлздэг. Яагаад гэвэл арилжааны банкууд нь тайлангаа гаргаж өгөхгүй байна. 3-4 жил тайлангаа гаргаагүй банкууд ч байна шүү дээ. Бие биенээ хуураад байгаа юм уу, мэдэж байгаа мөртлөө мэдэхгүй царайлаад байна уу.

Цаашдаа банкны салбарт гадаадын банк орж ирвэл ямар байх вэ гэдгийг тод харуулъя гэвэл эдийн засгийн үзүүлэлтүүдийн экстрим тохиолдлууд нэгэн зэрэг орж ирэхэд нийлмэл шок нь ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судалж гаргаж ирэх ёстой.

“Оюу Толгой” хөрөнгө оруулахад шууд дамжаад ДНБ-нд биеллээ олж, өслөө, буурлаа гэдэг нь харагдаж болно. Харин банкаар дамжиж орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь шууд ДНБ гэхээсээ илүү хөрөнгийн урсгалаар дамжаад мөнгөний бүтэц, санхүүгийн жуулчлалд илүү нөлөө үзүүлдэг. Тэр нь нэлээд хэдэн алхмын дараа ДНБ-нд илэрлээ олдог. 

Дахин хэлэхэд энэ талын мэдээллийн баазтай болох нь чухал байна.
 
Банкны нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 44.6% нь гадны хөрөнгө оруулалт байна. Монголын банкны системийн нөлөө бүхий банкууд дээр л гэхэд 43.6% байна. Эндээс харахад гадны банкууд хэдийнэ орж ирчихээд, үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Гадаадын банкны актив дотоод банкны активын 35-40 хувьд байх нь зохистой хэмжээ гэсэн судалгаанууд байдаг юм билээ. 

Төрийн өмчийн оролцоотой гадаадын банкны асуудлыг нарийвчлан авч үзэх шаардлагатай гэдгийг судалгаа нотолсон” гэлээ. 

“Гадны банк охин компани байгуулахаас бусад хэлбэрээр орж ирвэл Монголын хуульд захирагдахгүй”

  • Судалгаагаар дотоодын банкны чадавх сулрах уу, үгүй юу
  • Хэрэглэгчдийг сорчлох уу буюу амжилттай яваа бизнесүүдэд сонгож зээл олгоод эрсдэлтэйг нь дотоодын банкуудад үлдээх үү
  • Санхүүгийн тогтвортой байдал хэрхэх вэ
  • Дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжлийг удаашруулах уу
  • Мөнгө угаах уу, бохир мөнгөний асуудал гарах уу
  • Гадаадын төрийн бодлого банкаараа дамжин орж ирвэл гэх мэт 16-24 шалгуураар судлаад эрсдлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргасан байна. 

ДҮГНЭЛТүүдийг тоймлон хүргэвэл: 

  • Ямар ч байсан бидний шалгуураар авч үзвэл боломж нь эрсдлээсээ бага юм гэж дүгнэсэн. Яг өнөөдрийн нөхцөлд гадны банк орж ирэх нь боломжоосоо илүү ЭРСДЭЛ дагуулна. 
  • Гадны банк орж ирж байгаа хэлбэрүүдэд анхаарах шаардлагтай бөгөөд зохицуулалт хэрэгтэй. Хэлбэр буюу салбараа нээх, хувь эзэмших, төлөөлөгчийн газраа нээх, охин компани байгуулах зэрэг хувилбараас Монголд охин компани байгуулах нь манай улсун хууль журамд захирагдах боломжийг бүрдүүлж байна. Өөр хэлбэрээр орж ирвэл манай улсын хуульд захирагдахгүй ажиллах боломж байна. 
  • Гадны банкны оролцоо нь том зургаараа санхүүгийн зах зээлийн либералчлалд эерэг гэж онолын хувьд дүгнэсэн байдаг ч Монголын хувьд өөр онцлогтой байгааг анхаарах хэрэгтэй. 
  • Яг тоон үзүүлэлтүүдээ аваад судлахаар дэлхий дээр байгаа, тогтчихсон ерөнхий зүйл ч манай улсад тэр болгон үйлчлэхгүй болчихоод байгаа. Иймд өөрийн орныхоо онцлогийг харахгүй бол болохгүй. Ялангуяа капитал контролын асуудал. 
  • Гадны банкны асуудлыг ярихдаа улс орны түвшинтэй нь, санхүүгийн системийн зуучлалын чанарыг уяж харахаас өөр аргагүй. Манай Монголын санхүүгийн зах зээл ганцхан үзүүлэлтээр илэрхийлэгдэж байгаа. М2-ын ДНБ-д эзлэх хувь 59% л байна. Дэндүү хангалтгүй үзүүлэл. 200-300% байх ёстой. Эндээс манайд санхүүгийн зах зээл нялх хүүхэд шиг л байгаа нь харагдаж байна. 
  • Санхүүгийн зах зээл нь өндөр хөгжчисөн оронд гадны банк ороод ирэхэд нөлөө нь чухал биш. Харин юу ч хөгжөөгүй, дөнгөж хөл дээрээ зогсох гэж байгаа манайх шиг оронд ороод ирэхэд нөлөө нь туйлын эрсдэлтэй байна хэмээн дүгнэлээ.

Тэрбээр “Дотоодын зах зээл, санхүүгийн эх үүсвэр муу учраас гадны эх үүсвэр рүү явах л болж байгаа юм. Гэхдээ тэр гадаад эх үүсвэр гэдэг нь Монголын газар зүйн байрлал,  геополитикийн байдлаараа маш тодорхой хязгаарлагдчихсан нь судалгаагаар харагдсан” гэдгийг Р.Амаржаргал тэмдэглээд “Дотоодын санхүүгээ бойжуулж, өргөжүүлэх нь гол чиг шугам. Энэ нь удаан хугацаа, улс төрийн зориг, тэвчээр шаардах ч хамгийн зөв зам. Ядаж  эдийн засгийн активаа өргөтгөх бодлого барих хэрэгтэй. Түүнээс биш бизнесээ буцааж аваад, булаацалдаад байхаар яаж хөгжих вэ” гэсэн юм.