Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мадуро Бразилтай залгаа хилээ бүрэн хаах шийдвэр гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро хүмүүнлэгийн тусламжийн ачааг нэвтрүүлэхгүйн тулд Бразилтай залгаа хилээ хаах шийдвэрийг хэдхэн цагийн өмнө гаргажээ.

Төв телевизийн сувгаар ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Мадуро хөрш Колумб улстай залгаа хилээ ч хаах талаар бодож байгаагаа мэдэгдсэн байна.

Тэр тусламжийн ачааг АНУ-ын зохион байгуулсан шоу төдий зүйл хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн сарын дундуур тус улсын парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсныг зарласны дараа Венесуэль улс хоёр удирдагчтай болоод байгаа.

Гуайдо АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг улс орондоо нэвтрүүлэхийн төлөө тэмцэж байгаа. Гэвч Мадурод үнэнч Венесуэлийн зэвсэгт хүчин ингэх боломж олгохгүй байгаа юм.

Одоогоор Мадуро хөрш Колумбитай холбодог гол гүүрэнд хаалт үүсгэж, тусламжийн ачааг саатуулаад байна.

Улс орон нь гадаадаас тусламж авах хэмжээнд хүрээгүй хэмээн мэдэгдсэн Мадуро өөрийн холбоотон Оросын засгийн газраас 300 тонн тусламжийн ачаа гарсныг саяхан зарлажээ.

Пүрэв гарагийн 20:00 цагаас эхлэн Бразил улстай залгаа хилээ тодорхойгүй хугацаагаар бүрэн хааж байгааг зарласан Мадуро “Би хэдийгээр ингэхийг хүсэхгүй байгаа ч шаардлагатай бол Колумбийн хилийг бүрэн хаах боломжийг судалж байна” хэмээн ярьсан байна.

Тэрээр тусламжийн ачааг өөрийнх нь засгийн газрыг унагаж, Венесуэлийн газрын тосны нөөцөд эзэн суух гэсэн АНУ-ын түрэмгийллийн нэг хэсэг гэж ярьжээ.

Бразил улсын ерөнхийлөгч, Вашингтоны талыг баримтлагч Жайр Болсонару сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа.

Бразил улсад Венесуэльд хүргэх тусламжийн ачааны нэг хэсэг ирээд байгаа юм. 

 

Эх сурвалж: BBC