Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сириэс АНУ-ын цэрэг гарсны дараа 200 “энхийг сахиулагч” үлдэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын армийн үндсэн хүч Сирийн нутгаас гарсны дараа “энхийг сахиулах” зорилготой 200 цэрэг үлдэхээр болсныг Цагаан ордон өчигдөр мэдэгджээ.

“Ойролцоогоор 200 орчим цэрэгтэй энхийг сахиулах жижиг хэмжээний бүлэг хэсэг хугацаанд Сирид байрлана” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайнд нэрвэгдсэн Сири улсын нутгаас өөрийн 2,000 цэргийг бүрэн гаргах шийдвэрээ гэнэт зарлаж Вашингтоны хууль тогтоогчид болон олон улсын холбоотнуудаа гайхшруулж байв.

Тэрээр Исламын улс террорист бүлэглэл бүрэн ялагдсан тул Америк цэрэг Сирид байх шаардлагагүй болсон гэж тайлбарласан юм.

Түүний шийдвэр АНУ-ын холбоотон Курдын зэвсэгт бүлэглэлийг Туркийн армийн гарт оруулж, Сирид Орос, Ираны засгийн газар нөлөөгөө нэмэгдүүлэх боломж олгосон гэж Бүгд Найрамдах болон Ардчилсан намын улс төрчид шүүмжилж байгаа.

Сирид 200 цэрэг үлдээх шийдвэрийг зарлахын өмнө Трамп Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсан байна. Хоёр ерөнхийлөгч Сирийн газар шороон дээр “аюулгүй бүс байгуулахад хамтран ажиллахаар” тохиролцсон тухай мэдээлжээ.

Анкарагийн засгийн газар Сирийн Курдын зэвсэгт бүлэглэлийг Туркийн нутагт салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг Курдын Ажилчны намтай холбоотой хэмээн үздэг тул АНУ-ын цэрэг гарсны дараа цэвэрлэх ажиллагаа явуулахаар бэлдэж байгаагаа нуудаггүй.

Тиймээс Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд холбоотноор оролцсон курдуудыг Туркийн армийн гарт үлдээхгүйн тулд Трамп дээрх арга хэмжээг авахаар болжээ.

 

Эх сурвалж: AFP