Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн амьдралыг дээшлүүлж чадаагүй шалтгаанаар Нурсултан Назарбаев засгийн газраа огцруулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үр дүн муутай ажилласан шалтгаанаар засгийн газраа тарааж байгааг өчигдөр зарлажээ.

Түүний мэдэгдэлд “Маш олон хууль дүрэм, шийдвэр гаргасан ч эдийн засгийн олон салбарт эерэг өөрчлөлт гарсангүй” гээд улсынхаа эдийн засгийг дан ганц эрчим хүчний салбараас хамааралтай хэвээр байгааг шүүмжилсэн байна.

Мөн казах хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын түвшнийг сайжруулан, жижиг дунд бизнесийг дэмжих замаар эдийн засгаа олон төрөлтэй болгож чадаагүйд засгийн газраа буруутгажээ.

Саяхан Астана хотын нэгэн айлд гал түймэр гарснаас нэг гэр бүлийн таван хүүхэд амиа алдсан нь иргэдийг бухимдуулж, Казахстан даяар амьдрах нөхцлийг сайжруулахыг эрх баригчдаас шаардсан иргэдийн тэмцэл өрнөөд байгаа.

Амиа алдсан хүүхдүүдийн эцэг эх хоёул шөнийн ээлжинд ажилладаг байсан нь ийм эмгэнэлтэй явдалд хүргэсэн юм.

Тиймээс Назарбаевын шийдвэр нь иргэдийн шүүмжлэлийг намжаах арга хэмжээ болж байна.

Ингэснээр 2016 онд ерөнхий сайдаар томилогдсон 55 настай Бакытжан Сагинтаевын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм.

Назарбаевын зарлигийн дагуу шадар сайд Аскар Мамин засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, шинэ танхим байгуулагдахаар болсон байна.

Энэ сарын 27-нд болох эрх баригч Нур Отан намын хурал дээр Назарбаев иргэдийн нийгмийн халамж, амьдралыг сайжруулах хэд хэдэн санал дэвшүүлэхээ амлажээ. Мөн эдгээр арга хэмжээнд зориулах хөрөнгө мөнгийг шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн байна.

Одоо 78 настай Нурсултан Назарбаев байгалийн нөөцөөр баялаг Казахстан улсыг 1991 онд ЗХУ задарснаас хойш тасралтгүй удирдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters