Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Такси үйлчилгээг ухаалаг утсанд суурилан шинэ шатанд гаргаж буй компанийг төрийн байгууллага торгох нь хэр нийцтэй вэ?"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гар утсанд суурилсан такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч “ABA” аппликэшний таксины үйлчилгээг түр зогсоожээ. Зах зээлд шинээр нэвтэрсэн уг үйлчилгээг яагаад зогсоосон талаар “DTS service” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос тодрууллаа. 

-“ABA” такси дуудлагын үйлчилгээг түр зогсоосон гэсэн. Ямар шалтгаанаар үйлчилгээг зогсоов, энэ талаар дэлгэрүүлбэл?

-Манайх өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн дуудлагын такси үйлчилгээ үзүүлэх аппликэшн буюу “ABA”-г зах зээлд нэвтрүүлсэн. Энэ хугацаанд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болоод байсан ч нийслэлийн Тээврийн газраас манай дуудлагын такси үйлчилгээг зогсоох тухай шийдвэрийг саяхан ирүүлсэн. Үүний шалтгааныг такси үйлчилгээний стандарттай холбон тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, такси үйлчилгээ үзүүлэгч нь зөв талдаа жолооны хүрдтэй, симфортой гэх мэт стандартууд бий. Гэхдээ бид таксины компани биш учир тэрхүү стандартыг мөрдөх шаардлагагүй гэж үзэн үйлчилгээгээ эхлүүлээд байсан. 

-Олон нийтийн сайн мэдэхээр UBER аппликэшнтэй төстэй үйлчилгээ үзүүлэгч гэж ойлгож байгаа. Гадны улсуудад энэ бол хэдийнээ нэвтэрсэн үйлчилгээ. Гэтэл манай улсад энэ талын зохицуулалт байдаггүй гэсэн үг үү?

-Гол асуудал нь улсын хилээр орж ирээд байгаа баруун жолооны хүрдтэй машинаар хүмүүс хувиараа такси үйлчилгээнд явж болоод байхад тэдгээрийг зохицуулж, бүртгэлжүүлж байгаа манайх шиг аппликэшнуудыг хаагаад байгаа нь асуудал. Гэхдээ бид Нийслэлийн Тээврийн газарт дуудлагын такси үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргасан. Албан ёсны зөвшөөрлөө авсны дараа дуудлага орж ирэх бүрд түүнийгээ симфортой буюу албан ёсны таксинууд руу илгээх үүрэг хүлээхээр болж байна. Угаас дуудлага нь хангалттай байдаг таксинууд руу шилжүүлэхэд хүрэлцээний асуудал мөн хөндөгдөнө. Гэтэл хувийн машинаараа такси үйлчилгээ явуулдаг иргэд нь замын түгжрэл үүсгэн байж, гар өргөх хүнийг хайсаар байна шүү дээ. Үүний шийдэл нь бэлхэн байхад зохицуулалт нь алга. 

Бидний шийдэхийг зорьсон гол асуудал нь “халтуурчид” хэмээн цоллуулдаг жолооч нарыг цэгцэлж, нэг дэгт оруулах юм. Ингэснээр зорчигч болон жолоочийн аюулгүй байдлыг хангах боломжтой. Мөн дуудлагаар очдог болсноор замын түгжрэлийг ч тодорхой хэмжээгээр бууруулж болно. Хамгийн чухал нь татвар төлдөг, нэгдсэн стандартыг бий болгох боломж бүрэн бий. Бид бүртгэлтэй жолооч нартаа соёлтой үйлчил, машинаа цэвэрхэн байлга гэх мэт шалгуурыг хэлдэг. 

-Одоо ямар үйлчилгээ явуулж байна вэ?

-Буухиа хүргэлт буюу гараас гарт хүргэх үйлчилгээ болон дуудлагын жолооч үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

-Такси үйлчилгээний зах зээлийн ирээдүйг юу гэж харж байна вэ?

-Такси компани байх ёстой. Энэ бол хотын өнгө төрх. Үүний зэрэгцээ яагаад буруу хүрдтэй машинуудыг цэгцэлж, бүртгэлжүүлэн дуудлагын такси үйлчилгээг нэвтрүүлж болохгүй гэж. Тиймээс аль аль нь л байх ёстой. Нийслэлд явж буй машины ихэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй, гэтэл такси үйлчилгээнд заавал зөв талдаа хүрдтэй машин явна гээд заачихсан байдаг. Тиймээс зохицуулалтаа шинэчлэн, зах зээлийг эрэлтийг хэрхэн хангаж болох хувилбарыг ч бодолцож үзэх хэрэгтэй болов уу.

Мөн Засгийн газраас саяхан хувиараа такси эрхлэгчдийг торгохгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл хувиараа такси үйлчилгээ үзүүлж буй жолооч нараа бүртгэлжүүлэн, такси үйлчилгээг ухаалаг утсанд суурилан шинэ шатанд гаргаж буй компанийг нь төрийн байгууллага торгох нь хэр нийцтэй вэ. Үүнд сэтгэл дундуур байна. Зах зээлд нэг талаас хэрэглэгчдийн эрэлт байна, нөгөө талаас хувийн машинаараа таксинд явж буй жолооч их байна. Харин манай аппликэшн тэднийг холбох гүүр болох юм. Мөн хэрэглэгчдийн санал гомдол ирвэл тэр даруйд нь шийдвэрлэж өгөх, төлбөрийн тооцооллыг жолооч бус аппликэшн өөрөө хийдэг учраас илүү төлөлтийн асуудалгүй, хэрэглэгчид ч ам сайтай байдаг. 

Саяхан цагаан сарын өмнө гадаадын хоёр иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсан байсан. Хэрвээ тэд манай аппликэшнийг ашигласан бол тийм асуудал үүсэхгүй, төлбөр нь шударгаар тооцогдоод аюулгүй зорчих боломжтой байсан.