Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн хүүхэдтэй багш эмэгтэй Оросын хоёр дахь эмэгтэй тэрбумтан болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Оросын хамгийн том онлайн худалдааны сайтын эзэн Татьяна Бакальчук анх удаа дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад орж ирлээ.

Тэр Wildberries компаниа тэгээс эхлэн $1.2 тэрбумын үнэлгээтэй бизнес болгосон байна.

Форбс сэтгүүл Бакальчукийн компанийг ОХУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй таван компанийн нэгд тооцжээ. Wildberries нь нээлттэй компани биш тул борлуулалт, ашгийн хэмжээ, санхүүгийн үзүүлэлтүүд дээр нь үндэслэж үнэлгээг тогтоосон байна.

Ингэснээр Бакальчук Форбсын тэрбумтнуудын жагсаалтад орсон Оросын хоёр дахь эмэгтэй болжээ. Оросын анхны эмэгтэй тэрбумтан нь Москва хотын дарга асан Юрий Лужковын эхнэр Елена Батурина байв. Түүний мэдэлд барилга, хөрөнгө оруулалтын Inteco Management компани байдаг.

Солонгос гаралтай, 1975 онд төрсөн Бакальчук 2004 онд компаниа байгуулж байсан ч түүний талаар мэдээлэл маш ховор байдаг, нууцлаг нэгэн юм. Зарим хүмүүс ийм хүн байдаг гэдэгт эргэлздэг байжээ.

Олны нүднээс далд байх дуртай Бакальчукийн анхны видео ярилцлага өнгөрсөн оны сүүлээр нийтлэгдэж байв.

Тэрээр тэрбумын үнэлгээтэй компаниа анхны хүүхдээ төрүүлсний дараа байгуулж байсан бол өнөөдөр дөрвөн хүүхдийн эх болжээ.

Англи хэлний багш мэргэжилтэйгээрээ тэр Хятадын Жэк Матай адилхан. Анх тэр нөхөр Владиславын хамт $700 орчмын хөрөнгө оруулалтаар бизнесээ эхэлж, өдөрт $70 орчмыг зар сурталчилгаанд гаргадаг байсан гэнэ.

Германаас оруулж ирсэн бэлэн хувцсаа онлайнаар борлуулж, өөрийн биеэр түгээсээр бизнесээ босгож байжээ. Хүүхдүүдээ өсгөхөөс эхлээд олон хүндрэл бэрхшээлийг тэр даван туулсан юм. Жишээ нь, өөртөө туслуулахаар ажилд авсан анхных нь хүн бүх мөнгийг нь аваад зугтаж байсан гэнэ.

Гэртээ ажлын байр засаж эхэлсэн Татьяна Бакальчукийн компани өнөөдөр 15,000 ажилтантай болж өргөжжээ. 

 

Эх сурвалж: Russia Today