Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Католик санваартнуудын “хормойн явдал”-ыг хэлэлцэх түүхэн чуулган өнөөдөр Ватиканд эхэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Католик шашны түүхэнд анх удаа санваартнуудын бэлгийн хүчирхийлэл, гэм нүглийг хэлэлцэх дэлхийн хэмжээний чуулган Ватиканд эхэлж байна.

Өнөөдөр буюу Пүрэв гарагт эхэлсэн чуулган Ням гарагт өндөрлөнө. Дэлхийн өнцөг булан бүрт орших католик сүм хийдүүдийн 200 орчим тэргүүн энэ арга хэмжээнд оролцохоор цугларчээ. 

Үүнд Африкийн 36, Умард ба Өмнөд Америкийн 24, Азийн 18, Европын 32, Номхон далайн арлуудын дөрвөн хамба лам оролцохоос гадна Ватиканы шашны тэргүүнүүд, дээд зиндааны санваартнууд бүгд оролцох юм. Чуулганыг зохион байгуулах санаачилгыг Ромын Пап лам Франциск өнгөрсөн оны есдүгээр сард гаргаж байв.

Үүнээс гадна католик санваартнуудын бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсийн төлөөллийг дэлхийн орон орноос Ватиканд цуглуулжээ.

“Хэрвээ бид уг асуудлыг шийдэхийг үнэхээр хүсэж байгаа бол мангастай зоригтой нүүр тулах ёстой” хэмээн Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Алессандро Жисотти сэтгүүлчдэд ярьсан байна.

Сүүлийн жилүүдэд Католик сүм хийдүүдийг тойрсон бэлгийн хүчирхийлэл, дарамтын дуулианууд эрчимжээд байгаа. Тухайлбал католик шашны санваартнууд гэлэнмаа нарт бэлгийн дарамт үзүүлж байсан дуулиан саяхан дэгдсэн бол өнөөдөр Францын сэтгүүлч Фредерик Мартелын бичсэн Ватиканы дотоод ертөнцийн бузар булайг илчилсэн ном хэвлэгдэн гарч байна.

Уг номонд өгүүлснээр Ватиканд суудаг санваартнуудын 80 орчим хувь нь ижил хүйстэн бөгөөд тэдний дунд сахил санваараа умартах явдал түгээмэл байдгийг удаан хугацааны судалгаанд үндэслэн бичжээ.

Англи нэр нь “In the Closet of Vatican” хэмээх энэ ном өнөөдөр дэлхийн 20 улсад найман хэлээр хэвлэгдэн гарч байна.

Чуулганы сүүлчийн өдөр Ватиканы Апостолын ордны их танхимд бүх хамба лам нар оролцсон мөргөл болох ажээ.

 

Эх сурвалж: Independent