Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд 120 сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор болсноо мэдэгдлээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

УБЕГ Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.
 
Бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор тухайн сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг өөрийн оршин сууж байгаа сум, хорооноос шууд авах боломж, нөхцөл бүрджээ.

Энэ нь улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаас гадна иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх ач холбогдолтой.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж "Сум хороодыг бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нь ямар ямар давуу талуудыг бий болгож байгаа талаар удирдлагууд нь маш тодорхой мэдээллийг ирүүлсэн. Мөн хэд хэдэн аймгаас бүртгэлийн байгууллагатай холбогдож "Төсвийн асуудлаа шийдчихлээ. Та бүхэн холбож өгөөч ээ" гэдэг саналыг тавьсан. Энэ орон нутгийн удирдлагууд иргэддээ хэрэгтэй үйлчилгээг олж харсан ахиц дэвшилтэй тал гэж харж байгаа" гэлээ.

Нэгдсэн сүлжээнд холбогдохын өмнө тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1,000-250,000 орчим төгрөг зарцуулдаг байсан гэх дүнг УБЕГ-аас гаргажээ.

Сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, түүний дотор шүүх, хууль сахиулах байгууллага, түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой үр дүн, ахиц авчирна гэдгийг мөн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв.

2019 онд төслийн хүрээнд нэмэлтээр 120 сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашид шилэн кабельд холбогдсон бүх сумыг үе шаттайгаар бүрэн холбох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.