Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп “Исламын улс” бүлэглэлийн гишүүнийг АНУ-д буцааж ирүүлэхгүй байхыг даалгав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдэн жилийн өмнө Исламын улс бүлэглэлд элсэхээр Сирийг зорьсон эмэгтэйг буцааж авахаас татгалзжээ.

Тэр 24 настай Хода Мутанаг АНУ-д нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авахыг төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод даалгаснаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

АНУ-д төрж өссөн Мутана 20 настайдаа Исламын улс бүлэглэлд суртал нэвтрүүлэг хариуцаж ажиллахаар Сирийг зорьж байжээ. Тэр гэр бүлийнхэндээ Туркэд болох боловсролын арга хэмжээнд оролцоно гэж хэлээд явсан байна.

Исламын улс террорист бүлэглэл бүрэн ялагдахад ойрхон болж өрнөдийн орнуудаас энэ байгууллагад элссэн иргэдийн хувь заяа тодорхойгүй болоод байна.

Хэд хоногийн өмнө террорист байгууллагын гишүүний эхнэр болохоор Сири рүү явсан иргэнээ Их Британи хүлээж авахаас татгалзаж, бүр иргэншлийг нь цуцалсан юм. Одоо Шамима Бегум хэмээх энэ бүсгүй Сирийн умард хэсэгт шинэ төрсөн хүүхдийнхээ хамт хоригдож байгаа. Буруугаа хүлээж, эх орондоо буцах хүсэлт гаргасныг Британий тал хүлээж аваагүй байна.

Өөрийн улсын иргэн биш гэдэг үндэслэлээр Хода Мутанаг АНУ-д нэвтрүүлэхээс татгалзаж байгаагаа Майк Помпео өмнө нь зарласан юм.

Харин Мутанагийн гэр бүлийнхэн охиноо АНУ-ын иргэн мөн хэмээн баталж байна. Түүний эцэг Йемений дипломат байжээ. Хуулийн дагуу АНУ-д ажиллаж байхад нь төрсөн гадаадын дипломат ажилтны хүүхэд автоматаар иргэншилтэй болдоггүй.

Харин эцэг нь дипломат албанаас чөлөөлөгдсөний дараа Мутана мэндэлсэн тул АНУ-ын иргэн мөн гэж өмгөөлөгч нь баталж байгаа ажээ. Сири рүү явахаасаа өмнө иргэний паспорт аваад байсныг ч баталж байна.

Одоо 18 сартай хүүтэй Хода Мутана “Исламын улс” бүлэглэлд элссэндээ харамсаж байгаагаа илэрхийлж, уучлал гуйсан мэдэгдлийг Исламын улс бүлэглэлийн суртал нэвтрүүлэг явуулдаг байсан сошиал хуудсанд саяхан нийтэлсэн юм.

Тэр одоо Сирийн умард хэсэг дэх Курдын захиргааны дүрвэгсдийн хуаранд амьдарч байна.

 

Эх сурвалж: BBC