Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Хууль, дүрэмтэй танилцаагүйгээс УИХ-ын гишүүн юу ч хийж, хэлж болдог гэж ойлгоод байдаг

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы зарлах хуралдуулах гэж буйтай холбогдуулан зарим хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Үүний дараа ЗГХЭГ-ын СУЗГ-ын дарга, парламент судлаач Л.Өлзийсайханы “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”, МУИС-ийн ХЗС-ийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайханы “УИХ-аас хууль бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлага” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжлэв.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос хэлэлцүүлгийн үеэр зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал дээр 2018 онд бид санаачилга гаргаж байсан. Нийт чуулганы 1/3-ээс дээш цагийг тасалсан байх юм бол тухайн гишүүнийг эргүүлэн татна гэсэн хуулийг санаалчилсан боловч 2018 онд баталсан Дэгийн тухай хуулийн ажлын хэсэг хасчихсан. Цаашдаа энэ хариуцлага байх ёстой. Дэгийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Өнгөрсөн удаад оруулсан өөрчлөлтөөр гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх заалтууд орсон. Одооноос хэрэгжиж эхэлнэ. 

Үүнээс гадна гишүүдийн хэт их популизм хөөдөг, бие биенээ доромжилж гүтгэдэг асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааныг ажил хэрэгч бус болгоод байгаа. Тиймээс бид УИХ-ын баталсан хууль амьдралд нийцдэг, гишүүдийг ажил хэрэгч болгох өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. 

Гишүүд маань хууль, дүрмээ уншиж танилцаагүйгээс УИХ-ын гишүүн юу ч хийж, хэлж болдог гэж ойлгоод байдаг. Уг нь бол УИХ-ын тухай хуульд “Бусдыг гүтгэх, гутаах, доромжлохоос бусад асуудал дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй” гэж заасан байдаг гэлээ.