Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүлжээ дэлгүүр, шөнийн цэнгээний газар, ресторанууд фэйсбүүк пэйжээрээ согтууруулах ундаа сурталчлах зөрчил гарч байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN

ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийж, агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалт болон KFC түргэн хоолны газартай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Сүлжээ дэлгүүр, шөнийн цэнгээний газар, ресторануудад согтууруулах ундааг сурталчлахгүй байх шаардлага хүргүүлжээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Хурлын эхэнд тус газрын мэргэжилтэн Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Зар сурталчилгааны хуульд архи, согтууруулах ундааны сурталчилгааны талаар тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл сүүлийн үед томоохон шөнийн цэнгээний газар, ресторанууд архи согтууруулах ундааны сурталчилгааг явуулахдаа хууль зөрчиж, хямдрал урамшуулал зарласан, бэлэг дагалдуулсан байдлаар явуулж байна.

Манай байгууллагаас энэ чиглэлийн шалгалтыг хоёрдугаар сарын эхээр зохион байгуулсан. Энэ хугацаанд “Наран март” компани Австралийн өдөр гэх тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус улсад үйлдвэрлэсэн винонуудыг хямдруулан худалдаж байна гэх зар сурталчилгааг фэйсбүүкээр явуулсан. Сүүлийн үед ихэнх сүлжээ дэлгүүр, шөнийн цэнгээний газар, ресторанууд фэйсбүүк пэйжтэй болоод, тэндээ согтууруулах ундааг сурталчлах зөрчил гарч байна.

Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй шөнийн цэнгээний газар, ресторанд шалгалт хийгээд байгаа бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд дээр дурдсан байдлаар согтууруулах ундааг сурталчлахгүй байх талаар шаардлага хүргүүлээд байна” гэв.

Мөн тус агентлагийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам KFC хоолны газраас үүдэлтэй хоолны хордлогын асуудлаар болон  Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

“Өнөөдөр “Таван богд фүүдс” компаниас  хэрэглэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулж байгаа талаар тайлбар авна”
 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр “Бүхий л үйлчилгээний байгууллага хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ өмнө тодорхой үүргүүдийг хүлээж байдаг.

Гэтэл хоёрдугаар сарын эхээр хоолны хордлого гарлаа. Манай газраас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас хариу тайлбар авч, ХӨСҮТ-д очиж ажиллаад байна. ХӨСҮТ-д очиж ажиллахад халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

KFC Зайсан салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “хохирлыг маань барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргаад байгаа.

Түүнчлэн манай газрын зүгээс “Таван богд фүүдс” компани иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаатай танилцаж, тайлбар авахаар дуудаад байна. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд ирж тайлбар өгнө.

“Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна”

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс гурван удаагийн шалгалтыг зохион байгуулаад байна. Энэ шалгалтын хүрээнд хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байгаа нь харагдсан. Тиймээс нийслэл, дүүрэг, аймгийн засаг дарга нарт хандаж зөвлөмж хүргүүлээд байна.

Зөвлөмжид гудамж талбай, үйлчилгээний газруудын хаягийг монгол хэлээр бичих, хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлан таниулж буй иргэдийг урамшуулах гэх мэт асуудлыг тусгасан. Засаг дарга нар нь хуульд зааснаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээдэг.

Мөн Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хуулийг хэрэгжүүлээгүй бол ШӨХТГ-аас торгуулийн арга хэмжээ тооцох заалттай" хэмээн ярилаа.