Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сенатор Берни Сандерс 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Вермонт мужийн сенатор Берни Сандерс 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо өчигдөр зарлажээ.

Тэрээр 2016 онд Ардчилсан Намын нэр дэвшигч болохын төлөө Хиллари Клинтонтой хүчтэй өрсөлдөж байсан юм.

Одоо түүнийг нам дотрох ширүүн өрсөлдөөн хүлээж байна.

Өөрийгөө “ардчилсан социалист” үзэлтэй гэж тодорхойлсон Сандерс бүх иргэдэд эрүүл мэндийн суурь үйлчилгээг үнэгүй үзүүлэх, коллежуудыг төлбөргүй болгох зэрэг радикал саналуудыг дэвшүүлж байсан нь олон сая Америкчуудын дэмжлэгийг авч байв.

2016 оны Ардчилсан Намын сунгаанд Сандерс ялагдсаныг дэмжигчид нь эсэргүүцэж, сонгуульд оролцохоос татгалзаж, бойкотлох болсноор Хиллари Клинтоныг ялагдах, Дональд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдоход нөлөөлсөн гэдэг.

Тиймээс 77 настай Берни Сандерс бол нөлөө бүхий өрсөлдөгч юм.

Сандерсын “социалист” чиг баримжаа нь Ардчилсан Намын ерөнхий нэр хүндэд бас сөргөөр нөлөөлдөг. Үүнийг нь ашигласан Трамп Ардчилсан Намыг социалист улс төрийн хүчин хэмээн цоллож, тэдний бодлого АНУ-ыг Венесуэль болгох аюултай хэмээн сурталчилж байгаа юм.

Тиймээс Ардчилсан Намынхан “социалист” гэх нэрнээс өөрийгөө салгаж, Берни Сандерсын хүч нөлөөг зөв ашиглаж чадвал 2020 онд Дональд Трампыг ялах боломжтой гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Business Insider