Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Chanel брэндийн домогт дизайнер Карл Лагерфелд нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хувцас загварын домогт дизайнер Карл Лагерфелд өвчний улмаас Парист нас баржээ.

Тэрээр Мягмар гарагийн шөнө эмнэлэгт хүргэгдэж, өглөө нь амьсгал хураасан байна. Chanel, Fendi брэндүүдийн ерөнхий дизайнераар амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл ажилласан Герман гаралтай Карл Лагерфелд нь хувцас загварын ертөнцийн хамгийн алдартай эрхмүүдийн нэг байв.

Ардаа боосон цагаан үс, хар нүдний шилээр нь дэлхий нийт түүнийг таньдаг байлаа. Лагерфелд энэ имижээ “Би өөрийнхөө шог зураг шиг харагддаг. Энэ нь надад таалагддаг” хэмээн хэлж байжээ.

Домогт дизайнерыг нас барсанд эмгэнэн гашуудаж байгаагаа хувцас загварын ертөнцийнхөн илэрхийлсээр байна. “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур “Өнөөдөр дэлхий ертөнц нэгэн агуу эр хүнээ алдлаа” хэмээн бичжээ.

 
Карл Лагерфелд 1983 онд

Карл Лагерфелдын албан ёсны вэбсайтад төрсөн оныг нь 1938 гэж мэдээлсэн байдаг ч ихэнх эх сурвалжууд түүнийг үүнээс 5 насаар ахмад гэж үздэг.

Сүүлийн үед тэр өвчний улмаас хэд хэдэн чухал арга хэмжээнүүдэд оролцолгүй алгасаж байжээ. 

Карл Отто Лагерфелд 1930-аад оны Германд мэндэлсэн бөгөөд овог нэрээ сүүлд Lagerfeldt-ээс Lagerfeld болгон өөрчилсөн байдаг.

Брэнд болоход, арилжааны зориулалтаар ашиглахад илүү тохиромжтой нэр гэж энэ өөрчлөлтөө тэр тайлбарлаж байжээ. Өсвөр насандаа Парист цагаачлан ирсэн Лагерфелд загвар зохион бүтээгч Пьер Балмэйны туслахаар ажиллаж байгаад 1960-аад онд Fendi, Chloe брэндүүдэд ажиллах болжээ.

Гэхдээ 1983 онд буюу Коко Шанелийг нас барснаас 10 орчим жилийн дараа Chanel загварын ордонд ажиллаж эхэлснээр алдарших зам нь нээгдсэн юм.

Карл Лагерфелдыг түүний орлогч Виржини Виард залгамжлахаар болсныг Chanel зарлажээ.

 

Эх сурвалж: BBC