Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн нэрт хөрөнгө оруулагчийг Москвад баривчилсан нь бизнесийн ертөнцийг цочроогоод байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

25 жилийн өмнө “Baring Vostok” компанийг байгуулсан цагаасаа хойш Орост гурван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан Америкийн нэртэй бизнесмэн Майкл Калвиг өнгөрсөн Баасан гарагт Москвад баривчилжээ.

Энэ нь ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг өрнөдийн бизнесмэнүүдийг цочроосон явдал болоод байна. Майкл Калвиг баривчилсан өдөр Хар тэнгисийн эргийн Сочи хотод Оросын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой томоохон чуулган зохион байгуулж байсан юм.

Калви болон түүний компанийн дөрвөн ажилтан, Францын иргэн Филипп Делпал нарыг “Восточный” банкнаас мөнгө луйвардсан хэргээр баривчилжээ.

Тэдний луйвардсан мөнгөний хэмжээг 2.5 тэрбум рубль ($37.7 сая) гэж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол ОХУ-ын эрүүгийн хуулийн дагуу 10 хүртэл жил шоронд хоригдох юм. Одоогоор сэжигтнүүдийг Москва хотын урьдчилан саатуулах төвд хориод байна.

Тэд бүгд буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд компанийн хувь эзэмшигчдийн маргааны золиос болсон гэж мэдүүлж байгаа гэнэ. ОХУ-д санхүүгийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс бизнес эрхлэгчид гэмт хэрэгт сэжиглэгдэх тохиолдол олон гардаг. Гэхдээ гадаадын иргэд ийм асуудалд өртөх нь ховор.

Баривчилгаатай холбоотойгоор Оросын болон гадаадын бизнес эрхлэгчид Калвиг хамгаалсан байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал Оросын интернэтийн томоохон компани Яндексийн гүйцэтгэх захирал Аркадий Волож Америк бизнесмэнийг “хуулийг дээдэлж ажилдгаараа үргэлж стандарт болж байсан хүн” хэмээн тодорхойлжээ. Орост хэвлэлийн бизнес эрхэлдэг, 1989 оноос хойш Москвад амьдарч байгаа Нидерландын иргэн Дерк Сауэр “Энэ улсад хийж бүтээсэн зүйлээрээ медаль зүүх гавьяатай хүн” хэмээн Майкл Калвиг магтсан байна.

Франц-Оросын худалдааны танхим, Европын Бизнесийн Ассоциаци, Орос дахь үндэстэн дамнасан компаниудын холбоо зэрэг байгууллагууд Даваа гарагт хамтарч гаргасан мэдэгдэлдээ Америк, Францын иргэдийг баривчилсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, энэ нь Орост хөрөнгө оруулах гадаадын бизнесүүдийн сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бизнесмэнийг баривчилсан явдал Орост хөрөнгө оруулах сонирхол, уур амьсгалд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Тэрээр Майкл Калвийн Оросын эдийн засагт оруулсан хувь нэмрийг мэдэж байгаагаа сэтгүүлчдэд хэлээд энэ хэрэгт ОХУ-АНУ-ын улс төрийн сөргөлдөөн нөлөөлөөгүйг баталсан байна.

Майкл Калви нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэд хэдэн удаа уулзаж байсан юм. 

 

Эх сурвалж: AFP