Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан баавгайн түрэмгийллээс үүдэлтэй зарласан онц байдлыг цуцалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Оросын эрх баригчид цагаан баавгайд “эзлэгдсэн” умард туйлын сууринд зарласан онц байдлыг цуцалж байгаагаа Даваа гарагт зарлажээ.

ОХУ-ын Архангельск мужийн харьяа, умард мөсөн далайн Новая Землья арлын суурьшлын бүсэд цагаан баавгайнууд олноор цугларч, аюул учруулах болсон тул хоёрдугаар сарын 9-ний өдөр онц байдал зарлаж байв.

Нийтдээ 50 гаруй цагаан баавгай суурингийн ойролцоо цугларснаас зарим нь хүн рүү довтлох, орон сууц, засаг захиргааны байранд нэвтрэх тохиолдол гарсан байна.

Туйлын ан амьтдын улирлын чанартай нүүдлийн нөлөөгөөр баавгайнууд идэш тэжээл хайж хүн суурьшсан бүс нутагт ирснийг мэргэжилтнүүд тайлбарлажээ. Цагаан баавгайнууд суурингаас холдсон тул онц байдлыг цуцалсан байна.

Анх баавгайнууд арванхоёрдугаар сарын сүүлээр цугларч эхэлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Умард мөсөн далайн мөс багасаж, цагаан баавгайнууд хуурай газраас идэш тэжээл хайх нь нэмэгдсэн гэнэ. Уг нь энэ араатан голдуу мөс дамжин явж, усанд ан гөрөө хийж амьдардаг юм.

Онц байдал зарлах хугацаанд арлын захиргаа сургууль, цэцэрлэгийн гадна нэмэлт хашаа босгож, аюулгүй байдлыг сайжруулжээ.

 

Эх сурвалж: ТАСС