Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэй: АНУ манай компанийг няц дарж чадахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Вашингтон-Бээжингийн маргааны нэг гол сэдэв болоод байгаа харилцаа холбооны Хуавэй компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй өчигдөр BBC сувагт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

АНУ-ын засаг захиргаа өөрийн холбоотнуудад тус компанийн техник технологийг ашиглахгүй байхыг анхааруулаад байгаа. Мөн Хуавэй компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч, Рэн Жэнфэйн охин Мэн Ванжоуг Ираны хоригийг санаатай зөрчсөн хэргээр Канадад баривчлаад байгаа билээ.

Рэн Жэнфэй “АНУ биднийг бүрмөсөн няц дарж чадахгүй. Манай чадвар мэдлэг өндөр учраас дэлхий биднээс татгалзаж чадахгүй. Олон улс орныг ятгаж, холдууллаа ч бид нэг хэсэгтээ цар хүрээгээ хумьж жижигрээд тэсэж гарч чадна” гэж ярьжээ.

Тэрээр Вашингтоныг улс төрийн сэдэлтэйгээр компанид нь дарамт үзүүлж байгааг энэ үеэр хэлсэн юм. “Нэгдүгээрт, би АНУ-ын хийсэн үйлдлийг шүүмжилмээр байна. Тэдний улс төрийн сэдэлтэй явуулгыг хүлээн авах аргагүй. АНУ бусдад хориг тавих дуртай. Ямар ч асуудал гарсан тэд энэ аргаа л хэрэглэдэг. Бид үүнийг нь эсэргүүцэж байна” гэж Рэн Жэнфэй ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хуайвэй компанийн тоног төхөөрөмжүүдийг дэд бүтэцдээ их хэмжээгээр ашигладаг орнуудтай Вашингтон хамтран ажиллах боломжгүй гэж холбоотнууддаа анхааруулсан юм.

Хуайвэй компанийн технологид Хятадын тагнуулын байгууллагын мэдээлэл цуглуулах зориулалттай нууц хаалга байгаа гэж тэд үзэж байгаа ажээ. Ийм аюул Хуавэй компанийн 5G сүлжээний тоног төхөөрөмжүүдэд байгааг Вашингтон дахин дахин сануулж байгаа. Дэлхийн улс орнууд өнөөдөр харилцаа холбооны дараа үеийн дэд бүтцэд шилжих хариуцлагатай цаг үед ирээд байгаа юм.

Энэ талаар Рэн Жэнфэй ярихдаа “Хятадын засгийн газар манай тоног төхөөрөмжүүдэд мэдээлэл цуглуулах нууц хаалга суулгаагүй гэдгээ тодорхой зарласан. Бид ч ингэхийг зөвшөөрөхгүй. Иймэрхүү зүйлээр улс орноо болон харилцагчдаа хүнд байдалд оруулах эрсдлийг бид хийхгүй. Манай компани хэзээ ч тагнуулын ажиллагаа явуулахгүй. Хэрвээ ингэсэн тохиолдол илэрвэл би компаниа тараана” гэжээ.

 

Эх сурвалж: BBC