Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Дуламсүрэн: ОУ-ын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын 40 зөвлөмжөөс 20 дээр нь хангалттай үнэлгээ авсан

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN

Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үйл ажиллагааны цаашдын чиглэлийг харгалзан үзээд Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “Саарал жагсаалт”-д оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг өнгөрсөн наймдугаар сард дахин 12 сараар сунгасан билээ.

Үүнтэй холбоотойгоор манай улсын арилжааны банкууд гадаад мөнгөн гуйвуулгыг богино хугацаанд хийхэд хүндрэлтэй болоод байсан билээ. Тэгвэл Монгол Улс руу гадаад төлбөр тооцоог хэдэн банкаар дамжуулан хийж байгаа талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэнгээс тодрууллаа.

 

 - Монгол Улс руу гадаад төлбөр тооцоог Bank of China-гаар л дамжуулан хийж байгаа гэсэн ойлголт олон нийтийн дунд яваад байна. Энэ талаар баттай мэдээлэл өгөхгүй юу?

 -  АНУ-тай хийж байгаа гадаад төлбөр тооцоог зөвхөн ганц банкаар дамжуулан хийж байгаа зүйл огт байхгүй, 3-4 банк хийж буй. АНУ-ын банкууд төлбөр тооцоо хийхдээ их удаан, олон зүйл торуулж, удаашруулж байгаа. Бүгд харьцахаа зогсоосон зүйл одоогоор байхгүй. Ази, Европын банкуудын харилцаа  бол хэвээр байна.

- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын тавьсан шаардлагыг хангаж, “Саарал жагсаалт”-д орохгүй байх талаар хийж буй ажлын тухайд ямар явцтай байна вэ?

- Та бүхний мэдэж байгаагаар “Саарал жагсаалт”-д орох эсэх асуудлыг дахин 12 сараар сунгасан. Тэр болтол харилцаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэж ойлгож байгаа.

Өөрөөр хэлбэл, 2019 оны аравдугаар сард шийдэгдэнэ. Мэдээж хүндрэл бэрхшээл бол бий. Гурав, дөрөвхөн банк үлдсэн учраас эдгээр банкуудаа алдах эрсдэл хэвээр байна. Гэхдээ бид аль болох муу үр дагавар гарахгүй байх талаас нь анхааран ажиллаж байна. 2017 оны мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх харилцан үнэлгээний дүнгээр санхүүгийн байгууллагын үзүүлэлт муу байна гэхээс илүүтэй Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоо нь олон улсын стандартын шаардлагыг хангахгүй байсан.

Барууныхан энэ байдалд эмзэг ханддаг. Ийм эрсдэлтэй улсын банкны байгууллагуудтай харилцах зардал нь өндөр учраас барууны банкууд харилцахаа больё гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, эрсдлийг байхгүй болгохыг тэд зорьж байгаа юм. Тиймээс гол асуудал нь Монголбанк эсхүл банк, санхүүгийн байгууллагуудаас хамаарсан зүйл огт биш. Тайлангийн гол үзүүлэлт нь улсын нийт эдийн засгийн үзүүлэлт болчихоод байгаа учраас тэр юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын 40 зөвлөмжөөс 20 дээр нь хангалттай үнэлгээ авсан байна. Мэдээж хэрэг бид зөвлөмжийн чухал гэсэн зүйлсийн ихэнхийг нь биелүүлэх ёстой. Мөн мэдээж бид олон улсын гүйлгээг дамжлагатайгаар хийж байгаа учраас зардал ихсэж, хугацаа алддаг.

- Хуулийн хэрэгжилт тал дээр манай улсад дутагдаж байгаа гол зүйл нь юу байна вэ?

- Манайд гол дутагдаж байгаа зүйл нь санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг авах механизм тодорхой бус байна. Хуульд бичсэн журам байгаа боловч яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт практик дутуу учраас бид энэ чиглэлээр нэлээд ажил хийсэн. Тиймээс манай нөхцөл байдал, гаргаж буй ахиц дэвшлийг харж үзээд “Саарал жагсаалт”-д оруулахгүй байх гэж найдаж байна. Түүнээс биш банкуудаас өөрсдөөс нь хамаараад байгаа зүйл ховор. Манай улсын эдийн засгийн байгаа байдал нь ийм болчихсон юм. Мөн гадаад гуйвуулгыг хийхэд барууны орнуудаас их лавлагаа ирдэг. Тэр болгонд нь үнэн зөвөөр хариулахгүй, эсвэл хариу өгөхгүй уддаг байдлаас болоод эргээд сэжиглэгдэх үндэслэл болж, гүйлгээ нь уддаг. Энэ нь мөн л зардал ихсэх шалтгаан болж буй.

- Зардал ихэссэн талаар хийсэн судалгаа байгаа болов уу?

- Яг тухайлан хийсэн судалгаа байхгүй байна. Монголын банкны холбооноос асуувал тодорхой хариулт хэлэх байх.