Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мао Зэдун даргын тушаалаар ​1958 онд барьж өгсөн Спортын ордныг шинэчлэхэд дэмжлэг хүсэв

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2017-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт жилд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байна. 

Мөн Хятадын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна. Эдгээрийг шуурхай ашиглалтад оруулахад яам онцгой анхаарч байна" гэлээ. 

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд харилцан соёлын өдрүүд зохион байгуулах, 2020 оны олимпыг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Зэдун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилна

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт сайдаар томилогдсонд баяр хүргэж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргэлээ. 

Тэрбээр 2019 он манай хоёр орны хувьд чухал он юм. 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилна. Энэ нь “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь удаагийн дээд хэмжээний айлчлал юм. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Спортын салбарынхны тавьсан асуудалд удахгүй таатай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Хүмүүнлэгийн хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам