Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийг Нобелийн шагналд дэвшүүлсэн үгүйгээ хэлэхээс татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын цөмийн зэвсгийг устгах үйл явцыг эхлүүлж чадсаных нь төлөө Японы ерөнхий сайд Шинзо Абэ өөрийнх нь нэрийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт сэтгүүлчдэд ярьсан юм.

Өчигдөр Японы Асахи сонин Цагаан ордны хүсэлтээр Абэ нэр дэвшүүлэх захидлыг Нобелийн шагналын хороонд илгээсэн тухай засгийн газрын эх сурвалжаас олж мэдсэнээ мэдээлжээ.

Тэгвэл өнөөдөр парламентын чуулганд оролцсон Шинзо Абэгаас хууль тогтоогчид энэ мэдээллийг лавлахад тэр “Нэр дэвшигч, дэвшүүлэгчийн мэдээллийг нууцалдаг Нобелийн шагналын хорооны 50 жил хэрэгжиж буй бодлогын дагуу би энэ асуултад хариулахаас татгалзаж байна” гэсэн юм.

Гэхдээ тэр парламентын доод танхимын төсвийн хорооны чуулган дээр үг хэлэхдээ Дональд Трампыг магтсан байна.

Умард Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсгийг хураах, Пёньянд хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдэхэд идэвхтэй ажиллаж байгааг нь тоочоод “Би ерөнхийлөгч Трампын манлайллыг өндрөөр үнэлж байна” хэмээн Абэ хэлжээ.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обама 2009 онд тангараг өргөөд удаагүй байхдаа “цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бүтээхэд” гаргасан гавьяагаар Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байв.

Жил бүрийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигчдийн өргөдлийг хүлээж авах хугацаа нэгдүгээр сарын 31­-нд дуусдаг. Шагналын хорооны вэбсайтад мэдээлснээр 2019 оны шагналд 304 этгээдийн нэрийг дэвшүүлжээ.

Тэдгээрийн 219 нь хувь хүн, 85 нь байгууллага байна.

Шагналын эзнийг аравдугаар сарын эхээр тодруулж, арванхоёрдугаар сарын 10-нд Норвегийн Осло хотод гардуулдаг юм.

 

Эх сурвалж: Associated Press