Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий хавтгай гэдэг онолд итгэгчдийн тоо нэмэгдсэнд YouTube буруутай гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд “дэлхий бөөрөнхий биш, хавтгай” гэдэг онолд итгэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ үзэгдлийн гол буруутан нь YouTube сүлжээ гэж судлаачид дүгнэжээ.

 Судлаачид “хавтгай дэлхий”-д итгэгчдийн жил тутмын чуулган 2017 онд Умард Каролинагийн Рэйлэйд болоход, бас 2018 онд Колорадогийн Денвэрт болоход оролцсон байна.

Эдгээр арга хэмжээнүүдэд оролцсон 30 хүнтэй ярилцлага хийж үзэхэд нэгээс бусад нь YouTube сүлжээнд нийтлэгдсэн “Хавтгай дэлхий”-н онолыг үзээд итгэх болсноо хэлжээ. Тэд ердөө хоёр жилийн өмнө энэ онолд огт итгэдэггүй хүмүүс байсан гэнэ.

Үлдсэн ганц хүн нь YouTube-ээс энэ онолын талаар сонссон охин, хүргэн хоёроосоо мэдээлэл авсан байжээ.

Ярилцлагад оролцсон хүмүүс мөн 9 дүгээр сарын 11-ний хэрэг явдал, Сэнди Хуукийн сургуульд болсон аллагын хэрэг, NASA саранд үнэхээр газардсан эсэх зэрэг хуйвалдааны онолуудыг YouTube сүлжээнд байрлуулсан материалуудаас үзсэн байна.

Зарим нь тэдгээр онолуудыг няцаах гэж материалуудыг анх үзсэн ч сүүлдээ итгэх болсноо ярьжээ. 

Жишээ нь YouTube сүлжээнд байрлуулсан “200 proofs Earth is not a spinning ball” материал хүмүүст хамгийн их нөлөөлж байгаа тухай судалгааг ахалсан Техасын Технологийн их сургуулийн судлаач Эшли Ландрум ярьж байна.

Тэрээр судалгааныхаа үр дүнг АНУ-ын нийслэл Вашингтонд болсон “American Association for the Advancement of Science” жил тутмын чуулган дээр танилцуулсан юм.

“YouTube сүлжээнд маш олон хэрэгтэй мэдээлэл бий. Гэхдээ буруу мэдээлэл ч их бий. YouTube сүлжээнд мэдээлэл санал болгох алгоритм нь хүмүүсийн хамгийн их сонирхож буй сэдвийг эхэнд харуулдаг нь буруу мэдээлэл тарахад нөлөөлж байна” гэж тэр дүгнэжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Дэлхийг хавтгай гэдэгт итгэх нь аюултай зүйл биш, гэхдээ ингэснээр хүмүүс шинжлэх ухааны байгууллагууд, эрх баригчдад итгэх итгэлээ алдах муу талтай” гэж ярьсан байна.

Эцэст нь Ландрум эрдэмтэн судлаачдыг хуйвалдааны онолуудыг няцаах өөрсдийн материалуудыг бүтээж YouTube сүлжээнд тараахыг уриалжээ.

 

Эх сурвалж: The Guardian