Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Тулга: Монголын сагсан бөмбөгийн холбооны өмнөх удирдлагууд 300 орчим сая төгрөг угаасан

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN

Монголын сагсан бөмбөгийн холбоо(МСБХ) болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо(МҮСБХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны тамга тэмдэгтэй холбоотой зургаан жилийн маргаан хэдийнэ эцэслэгдэж, тус холбоо одоо Монголдоо болон олон улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага бөгөөд бусад холбоодтойгоо нээлттэй хамтран ажиллах нөхцөл бүрдсэнийг МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал тэргүүтэй төлөөлөл ярилаа.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

Хурлын үеэр тэрбээр МСБХ нь энэ спортыг толгойлж буй Монголын хууль ёсны байгууллага гэдгийг УБЕГ-ын гэрчилгээ, Олон улсын Сагсанбөмбөгийн холбооны албан бичиг зэрэг нотлох баритуудаар үзүүлэв. “Сүүлийн таван жил МСБХ Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-д татвар төлөөгүй тул татвараа төлнө үү гэсэн нэхэмжлэл миний хаягаар ирсэн. Энэ дагуу бид 3,000 ам.долларыг төлсөн баримт байна. Ийнхүү төлснийг хүлээн авч, цаашид албан ёсоор харилцаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг илэрхийлсэн FIBA-гийн албан бичиг энэ байна” хэмээн Ц.Цэвэрбал үзүүлээд эдгээр баримт болон Дээд шүүхийн шийдвэр МСБХ нь хуулийн дагуу албан ёсны эрхтэй байгууллага гэдгийг нотолж буйг хэллээ.  

МҮСБХ тус холбоонд нэгдсэн бөгөөд бусад 33 холбоо ч нэгдэж, хамтран үйл ажиллагаа явуулахад нээлттэй гэдгийг тэрбээр дурдав. Ийнхүү зургаан жилийн ойлгомжгүй байдлаас үүдэн замбараагүй явж ирсэн сагсан бөмбөгийн спортын салбар цэгцэрч, үйл ажиллагаагаа Монголд төдийгүй олон улсад үргэлжлүүлэх боломж бүрдсэн бөгөөд ажиллаж байгаагаа мэдээлэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн энэ үеэр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга өмнөх холбооны удирдлагууд 300 сая төгрөг угаасан гэдгийг баримттай дэлгэн харуулав.

“Өмнөх холбооны удирдлагууд МСБХ болон тамга тэмдгийг хоёр байгаа мэт харагдуулж ирсэн нь хулгайгаа нуух арга. Тодруулбал Олимпын хороотой 80,000 ам.долларын төсөл хэрэгжүүлж, “Тамхи татдаггүй залуус” хөтөлбөрөөр 20,000 доллар, Биеийн тамир спортын газраас 300 орчим сая төгрөгийн мөнгө угаах гэмт хэрэг хийсэн. Үүндээ сагсан бөмбөгт авьяастай мянга мянган тамирчныг ашигласан” гэлээ.