Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн үг Европчуудын сэтгэлийг хөдөлгөсөнгүй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Европ тивд дэлхийн аюулгүй байдлын хоёр том чуулган болж өнгөрлөө. Эдгээр арга хэмжээнүүдэд АНУ-ыг төлөөлж дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцсон юм.

Тэрээр эхлээд Пүрэв гарагт Варшавт болсон Ойрх Дорнодын чуулга уулзалтад үг хэлэхдээ Европын түншүүдээсээ АНУ-ын нэгэн адил Ираны цөмийн хэлэлцээрээс гарахыг уриалжээ.

Гэвч түүний уриалгыг сонссон чуулганы зочдоос ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй байна. 

“Бидэнтэй, Ираны ард түмэнтэй, бүс нутаг дахь холбоотнуудтай нэгдэх цаг манай Европын түншүүдэд ирж байна” гэж хэлсэн Пэнс Ираны цөмийн хэлэлцээрээс гарахыг уриалсан юм.

Энэ үгийн дараа тэр алга ташилт сонсоно хэмээн хүлээж байсан нь илт байв. Гэвч танхимд нам гүм байдал үргэлжилсэн тул Пэнс хэсэг хүлээсний дараа уртаар амьсгаа аваад яриагаа үргэлжлүүлжээ.

Маргааш нь Майк Пэнс 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын чуулганд оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэндчилгээг хүргэсэн боловч мөн л ямар ч алга ташилт сонсоогүй юм.

Дээрх үйл явдлууд Трампын засаг захиргаа болон баруун Европын орнуудын хооронд үл ойлголцол ямар түвшинд байгааг харуулж байна. Ираны цөмийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх хүсэлтэй Европын Холбоо саяхан АНУ-ын эдийн засгийн хоригийг алгасаж, Ирантай гүйлгээ хийх шинэ санхүүгийн механизм нэвтрүүлсэн юм.

2015 онд Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс гарч байгаагаа Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард зарлаж байв.

 

Эх сурвалж: Reuters