Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Булгамаа: Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн эрх зүйн байдлыг Гэр бүлийн тухай хуульд хэрхэн тусгах нь анхаарал татаж байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг: MPA.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Гэр бүлийн тухай хуулийн тухай "Хамтдаа хэлэлцье" аяныг эхлүүлж буйгаа зарлаж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсад анх 1999 онд Гэр бүлийн тухай хууль батлагдаж байсан түүхтэй. Тэр үеэс хойш ийнхүү өнөөдрийг хүртэл тус хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж. Гэвч энэхүү хуулийн үйлчлэл нь өнөөдрийн айл өрхийн аж амьдрал, гэр бүлийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай буй талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо онцоллоо.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяа "Монгол Улсын Их Хурлын 2014 оны чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэж байсан ч шинэчилсэн найруулгыг баталж амжаагүй тарсан байдаг. Одоогоор Засгийн Газрын түвшинд яригдаж буй тус хууль нь хэд хэдэн чухал зүйлийг орхигдуулж, батлахуйц хангалттай түвшинд хүргээгүй байгаа юм. Тодруулбал, "Гэр бүлийг төрөөс дэмжинэ" гэсэн заалт хэтэрхий ерөнхий, хэрхэн төрөөс дэмжих талаар дурдаагүй, орхигдуулсан байх жишээтэй.

Тийм учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо энэхүү Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэхэд тусалж, улс орон даяар хэлэлцүүлгийг өрнүүлж, манай улсын нийгмийн суурь болсон Гэр бүлийн тухай хуулийг илүү чанартай, амьдралд нийцэхүйц, гэр бүлийн гишүүн болгоны эрх ашгийг орхигдуулахгүй байх шинэ хуулийн төслийг бий болгох зорилгоор гурван сарын аяныг өрнүүлж эхэллээ.

Үүний үр дүнд бид ирэх зургаадугаар сарын нэгэн буюу Эх үрсийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчид саналыг хүргүүлэх юм" хэмээлээ.

2018 онд нийт 2,945 гэрлэлт шүүхийн шийдвэрээр цуцлагджээ
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, АЗХ-ны сургалт, судалгааны асуудал хариуцсан дарга Р.Булгамаа "ШЕЗ-өөс гаргасан 2018 оны мэдээллээс харахад өнгөрсөн онд 2,945 гэрлэлт цуцлагдсан шүүхийн шийдвэр гарчээ. Энэ нь жилд дунджаар 3,000 орчим гэр бүлд салдаг гэсэн үзүүлэлт юм.

Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах 1,146 хэргийг шийдвэрлэж,  эцэг тогтоолгох нийт 392 хүсэлт ирж, шийдвэрийг гаргасан байна. Эдгээр тоо баримтаас харахад иргэдийн дунд эрх зүйн болон шүүхийн түвшинд гэр бүл төлөвлөлт, салалтыг шийдвэрлэж, зохицуулах болсон нь харагдаж байна.

Дээрх тоо баримтад шүүхээс гадна захиргааны журмаар салж буй тоо багтаагүй юм. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон эцэг, эхийн тоо 76,893 болсон тухай Үндэсний Статистикийн хороо сүүлд мэдээлсэн. Тийм учраас өрх толгойлсон эцэг, эх, хамтран амьдрагч зэрэг эдгээр хүмүүсийн эрх зүйн байдал, асуудлыг цаашид Гэр бүлийн тухай хуульд хэрхэн тусгах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна" гэлээ.

 
Гэрэл зургийг: MPA.mn

УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Нарантуяа "Төрийн бүхий л бодлого, шийдвэрийг өрх, гэр бүлүүд рүү чиглэсэн, шийдвэрийн цөм нь өрх, гэр бүлүүд байх гэсэн бодлого руу хандуулъя гэсэн зорилгоор тус аяныг бид эхлүүллээ.

Өнөөдөр Монгол Улсад 900,000 гаруй өрх байгаа хэдий ч олон гэр бүл янз бүрийн шалтгааны улмаас салангид амьдарч байна. Үүнээс болж үр хүүхдүүд гэр бүлийн бүрэн бүтэн, дулаан уур амьсгалд амьдарч чадахгүй явдал тохиолдож буй нь харамсалтай. Эдгээр бүх асуудлууд манай төрийн дутуу гаргасан, цогц бус бодлогын үр дүнд гэр бүлүүд "гэр бүл" байх үнэ цэнээ хамгаалж, ажиллаж чадахгүй байгаа юм. Тийм учраас алсын хараатай, зөв бодлогыг тогтоох, асуудлыг шийдвэрлэх шаардлага бидэнд зайлшгүй тулгараад байгаа юм" хэмээн танилцууллаа.