Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Вьетнамын дайны 40 жилийн ойг Бээжингийн эрх баригчид дурсалгүй өнгөрүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Хятад-Вьетнамын дайн эхэлсний 40 жилийн ойн өдөр байлаа.

1979 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Вьетнамын умард хилээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг “ач тус мэддэггүй Вьетнамд сургамж өгөх” зорилгоор нэвтэрсэн юм.

Тухайн үед Камбожийн Улаан Кхмерүүдийн эсрэг Вьетнамын цэрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн нь Бээжингийн дургүйг хүргэсэн байна. Мао Зэдун амьд ахуйдаа Вьетнамын хүссэн 10 тэрбум юаний зээлд татгалзсан хариу өгсөн юм. Хариуд нь вьетнамчууд Хятадаас дипломат харилцаагаа салгаж, Москва руу эргэсэн нь дайн эхлэх бас нэг шалтаг болсон байна.

Товчхон дүгнэвэл Америкийн цэрэгтэй дайтахад нь Вьетнамд санхүү, зэр зэвсгийн тусламж үзүүлж байсан Хятад улс өөрийнх нь дэмждэг Пол Потын дэглэмийг нураахаар Ханойн засгийн газар Камбож руу цэргээ илгээсэнд бухимдаж, цэргээ оруулсан юм.

Гэвч сар хүрэхгүй хугацаанд тулалдсаны дараа их хэмжээний хохирол амссан Хятадын цэрэг Вьетнамаас гарсан байна. Хилийн мөргөлдөөн 1980-аад оны турш үргэлжилж, хоёр хөрш 1991 онд харилцаагаа хэвийн болгосон юм.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 300,000 цэрэг Вьетнамд нэвтэрсэн ч богино хугацаанд 7,000 цэрэг нь алагдаж, 15,000 орчим нь шархдсан байна.

Хоёр улс хоёул дайнд ялснаа зарласан ч түүхчид үндсэндээ Бээжингийн ялагдал болсныг хүлээн зөвшөөрдөг байна.

Ялагдлын шалтгаан нь Хятадын тал дайснаа дутуу үнэлсэнтэй холбоотой гэдэг. АНУ-ын цэрэгтэй удаан хугацаанд дайтаж, туршлагажсан Вьетнамын цэрэг хүлээж байгааг Бээжин ойлгоогүй юм.

Харьцуулбал соёлын хувьсгалын үймээн дөнгөж дуусаад байсан Хятадад туршлагатай цэрэг, арми байгаагүй. Вьетнамд илгээсэн цэргүүдийн ихэнх нь 20 хүрээгүй залуу цэргүүд байсан гэдэг.

Энэхүү ялагдлын гашуун түүхээ Хятадын эрх баригчид 40 жилийн турш нуусаар ирсэн. Вьетнамын дайнд оролцсон цэргүүдийг хүлээн зөвшөөрдөггүй, тэтгэвэр тэтгэмж олгодоггүй нь маргаан дэгдээдэг.

Олон тооны ахмад дайчид өнгөрсөн жилүүдэд янз бүрээр засгийн газартаа эсэргүүцлээ илэрхийлж байсан. Вьетнамд дайтаж явсан ахмад дайчдыг ямар нэг олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг Хятадын эрх баригчид 40 жилийн ойн өмнө урьдчилан анхааруулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post