Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сард 24 бүтээлд шинээр патент олгожээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 428 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаж, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт нийт 347 патент олгожээ.

Харин 2019 оны нэгдүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 35 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 24 бүтээлд шинээр патент олгосны 14 нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Патент: Тодорхой зүйлийг хийх шинэ арга замыг гаргасан эсвэл аливаа техникийн шинэ шийдлийг санал болгож буй бүтээгдэхүүн болон арга ажиллагаанд (шинэ бүтээл, ашигтай загварт) өгч буй онцгой эрх юм.

Шинэ бүтээл: Байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг ойлгоно.

Бүтээгдэхүүний загвар: Аливаа эд зүйлийн чимэглэл буюу гоо зүйн гадаад хэлбэр үзэмж нь байдаг. Хийц загвар нь гадна хэлбэр, гадаргуу гэх мэт эзэлхүүнт илэрхийлэл эсвэл зураас, шугам, өнгө гэх мэт хавтгайн илэрхийлэл байж болно.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн дөрөв нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр заасан олон улсын мэдүүлэг байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2018 онд 223 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаж, иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 152 ашигтай загварт гэрчилгээ олгожээ.

Харин 2019 оны нэгдүгээр сард 13 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн есөн ашигтай загварт гэрчилгээ олгожээ.

Зураг 7. Зохиогчийн эрхийн мэдүүлэг, бүтээлийн төрөл, дүнд эзлэх хувиар, 2019 оны 1 дүгээр сарын байдлаар

 
Эх сурвалж: ҮСХ

Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2018 онд 4374 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаж, 3505-д нь барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 1157 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин энэ оны нэгдүгээр сард 309 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас 396-д нь барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 42 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзжээ.

Өнгөрсөн онд зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 1072 иргэн мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин нэгдүгээр сарын хувьд 112 иргэн мэдүүлэг гаргаснаас 38 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ.

Зохиогчийн эрх: Ерөнхийд нь “бүтээл” хэмээн нэрлэх утга зохиол, уран сайхны бүтээлийн нь хувьд зохиолч, зураач, бусад уран бүтээлчдэд олгож, хэрэгжүүлдэг эрхтэй холбоотой хуулиудын цогц юм.

Ашигтай загвар: Үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг ойлгоно.

Барааны тэмдэгт: Иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл юм.

 

Эх сурвалж: ҮСХ