Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Венесуэлийн ард иргэдийн амьдралын гашуун жишээ дэлхийд ямар бодлогыг баримталж болохгүйг харуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 17
iKon.MN

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД 55 ДАХЬ УДААГИЙН МЮНХЕНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен хотноо болж буй 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.

Бага хурлын эхний өдөр Гадаад харилцааны сайд АНУ-ын Вүүдроу Уилсоны нэрэмжит олон улсын судалгааны Төвөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал, хатагтай Кристине Лагардетай уулзсан байна.

Д.Цогтбаатар сайд тус Сангийн зүгээс Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд олон жилийн туршид чухал дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулсаар ирсэнд талархал илэрхийлж үр дүнтэй өрнөж ирсэн энэхүү хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар эрхэмлэж буйг нотолжээ.

 

Хатагтай К.Лагарде Монголын эдийн засагт гараад буй эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлэхийн чухлыг дурдаад төсөв, санхүүгийн сахилга бат шийдвэрлэх үүрэгтэй хэвээр буйг тэмдэглэсэн байна.

Гадаад харилцааны сайд мөн өдөр МАББХ-ын хүрээнд зохион байгуулагдсан Дээд түвшний хөрөнгө оруулагч нарын уулзалтанд оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулжээ. Уг уулзалтад оролцогчид нийтдээ 400 орчим тэрбум долларын хөрөнгийн сангуудын удирдлагын төлөөлөл байсан байна.

 
 

Тус уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Венесуэл Улсад өрнөж буй үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, Венесуэл Улсад үүсээд буй нөхцөл байдал нь олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн хийрхэлийн уршиг бөгөөд яг ямар үр дагаварт хүргэдгийг тодоор харуулж буйг онцлон тэмдэглэжээ. Мөн цааш ярихдаа “Нэгэн үед Венесуэл Улсын Ерөнхийлөгч Уго Чавес болон түүний залгамжлагч Мадурогийн үзэл баримтлалыг дэмжиж, дуурайл болгон сайшаасан Монголын зарим улс төрийн хүрээнийнхэн байсан. Өнөөдөр, харин, Венесуэлийн ард иргэдийн өөрсдийн амьдралын хүнд бөгөөд гашуун жишээ нь дэлхийд ямар бодлогыг баримталж болохгүйг харуулж байна. Эдүгээ энэ улсад зөвхөн уг орны асуудал шийдэгдэх гэж байгаа юм биш. Харин дэлхийн түвшинд хийрхэл ба үндэслэл тооцоотой бодлого, үйл ажиллагааны аль нь тунаж үлдэхийг тогтоох тэмцэл өрнөж байгаа юм. Энэ утгаараа дээрх асуудлын шийдэл манайд бас нөлөөтэй бөгөөд Монгол Улсын хөгжлийг эрсдэлд оруулсан Уго Чавес-Мадурогийн үзэл баримтлал төгсгөл болж, манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь багасах болов уу” гэж тооцож буйгаа онцолжээ.

Энэ удаагийн бага хуралд гадаадын 35 орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, 50 гаруй улсын гадаад харилцааны болон батлан хамгаалахын сайд нар оролцож байна. Энэ завшааныг ашиглан Д.Цогтбаатар сайд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбековтой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ.