Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Бадамцэцэг: Олныг хамарсан хордлого гарсан учир шинжилгээг нарийвчлан хийж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

KFC сүлжээний Зайсан дах салбарт үйлчлүүлсний дараагаар 2-3 хоног халуурч, гүйлгэх зэргээр хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн 37 иргэн ХӨСҮТ хэвтэн эмчлүүлж байна. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоогоор Зайсан дах KFC салбарын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд шаардлагатай дээжүүдийг авч, НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлж байгаа аж. Харин шинжилгээний хариуг хоёрдугаар сарын 18-нд албан ёсоор танилцуулах юм.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 12-ны өдөр Зайсан дах KFC салбарын тоног төхөөрөмжөөс 20 арчдас, 9-12-ны өдрийн 39 төрлийн хоолны дээж, 24 төрлийн хүнсний түүхий эдийн дээж, болон ундны усны хоёр дээж, агаарын таван сорьц, хэрэглэсэн ундаанаас дөрвөн сорьцыг авч лабораторид шинжилгээнд өгсөн. Мөн ХӨСҮТ-өөс тус салбарын ажилчид болох 28 хүнээс нян тээгч илрүүлэх шинжилгээг авсан” гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг “12-ны орой манай лабораторид дээжүүд ирсэн. Бид 24 цагаар ажиллан хордлого үүсгэгч, эмгэг төрөгч нян эрэх, химийн гаралтай хор хайх шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу нянгийн онцлогоос хамааран 3-5 хоногт гардаг. Энэ шинжилгээний тухайд эхлээд эмгэг төрөгч нянгуудыг тэжээлт орчинд ургуулж, ургасан бичил биетнүүдийг бүлгээр нь ялгаж байгаа. Олныг хамарсан хордлого гарсан учраас шинжилгээний явц нарийн явагдаж, олон дахин ялган дүгнэлт хийж байгаа” гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээлэл өгсний дараагаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Сүлжээний хоолны газрын нэг салбарт ийм асуудал үүслээ. Үүнтэй холбоотойгоор бусад салбарыг шалгах уу? 

-Хордлого юунаас болсон нь эцэслэн тогтоогүй байна. Үндсэн түүхий эд, тоног төхөөрөмжийг бохирдлоос ч үүсэж болно. Мөн тэнд ажиллаж буй ажилчдаас гарсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эцэслэн тогтоогоогүй байхад бусад салбарыг шалгах үндэслэлгүй. 

-Өмнө нь энэ салбарт шалгалт хийж байв уу. Ямар зөрчил илэрч байсан бэ?

-Манайх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд хийдэг. Зайсангийн салбар нь төлөвлөгөөт шалгалтад 2017 онд бага эрсдэлтэй, 2018 онд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Улсын байцаагчид хяналтын хуудсаараа шалган үнэлдэг. Ямар зөрчлүүд илэрснийг тухайн байцаагчаас нь асуух хэрэгтэй болов уу. Бид үүнд хариулах боломжгүй. 

-Хоёрдугаар сарын 8-12-нд тус салбараар хэдэн хүн үйлчлүүлсэн бэ?

-Хоёрдугаар 8-нд салбараар үйлчлүүлсэн 168 хүн, авч явсан 137 хүн, хүргэлтээр 67 хүн үйлчлүүлсэн. 9-нд салбараар 191, авч явсан 154, хүргэлтээр 75, 10-нд салбараар 160, авч явсан 138, хүргэлтээр 69 иргэн үйлчлүүлсэн байна. Харин хоёрдугаар сарын 11-нд салбараар 200, авч явсан 137, хүргэлтээр 46 хүн үйлчлүүлжээ. 

-"Home plaza"-гийн салбараар нь үйлчлүүлсэн хүн мөн хоолны хордлого болсон гэсэн мэдээлэл байна?

-Home plaza дах KFC салбарт үйлчлүүлсэн иргэн хоол идээд 2-3 хоног халуурч, гүйлгэсэн гэх гомдол хоёрдугаар сарын 14-нд  манайд ирсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс ажиллаж байна.