Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэр Эмээлтэд нээгдлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс жилд дунджаар нийт малынхаа 22 хувийг мал нядалгаанд бэлддэг. Мөн нийт экспортод гаргасан махны 70 хувь нь хаягдал болж үлддэг байна.

“Хүчит шонхор” зах дээр гэхэд өдөрт 40-50 тонн малын яс хаягддаг гэх тооцоо бий. Малын яс, сэг зэмний үлдэгдэл ийнхүү их хэмжээгээр ил задгай байх нь эрүүл ахуйн аюулгүй байдал болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм.

“Протейн” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулжээ

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын мах боловсруулах хамгийн том цэг болох Эмээлтэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали технологийг Монгол Улсдаа анх удаа нэвтрүүлж, малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулах “Протейн” үйлдвэр нээлтээ хийлээ. Энэхүү үйлдвэр нь стратегийн өндөр ач холбогдолтой эрчимжсэн мал аж ахуйн үр шимийг нэмэгдүүлэх мах, ясны гаралтай тэжээлийн уураг болон бүх төрлийн тос , тослох материалын үндсэн түүхий эд болох амьтны гаралтай тос үйлдвэрлэх талаар судалж, Монгол Улсдаа анхдагч болж буй бүрэн автомат үйлдвэр.

Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн бүтээгдэхүүний нөөцийн тухайд дунджаар 550,500 тонн тураг махнаас 367,000 тн дайвар бүтээгдэхүүн байгаа юм байна. Энэ нь тус үйлдвэртэй ижилхэн 10 үйлдвэр баригдсаны дараа түүхий эдийн хомсдолд орох магадлалтай байна. Иймээс Монгол Улсад анх удаа нээгдэж буй энэхүү үйлдвэр нь бусад улсуудтай харьцуулахад түүхий эдийн хомсдолд орох магадлал хамгийн бага гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл “Протейн” үйлдвэр нь жилд нийт хаягдал түүхий эдийн зөвхөн 10 хувийг нь ашиглах аж.

“Протейн” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ. Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдлээ.

У.Хүрэлсүх: Ард иргэдээ эрүүл хүнсээр хангах явдал нь энэ засгийн газрын зорилт

 
Гэрэл зургийг mpa.mn

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр “Бид 70 сая орчим малтай. Манайд хэдийгээр уул уурхайн салбар харьцангуй сайн хөгжсөн ч  газар тариалан, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чухал зорилт байгаа. Тэр дундаа ард иргэдээ эрүүл хүнсээр хангах явдал нь энэ засгийн газрын зорилт. Өнөөдөр "Протейн" үйлдвэрээ байгуулаад нээж буй явдал нь уг зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Тиймээс засгийн газрын нэрийн өмнөөс танай хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Эх орондоо баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ бүх талаар нь дэмжин хамтарч ажиллах ёстой” гэлээ.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг энэхүү үйлдвэр нь дангаараа нийлүүлэх бүрэн боломжтой.

Н.Оюунбат: Хамгийн ихдээ хоногт 100 тонн ясыг боловсруулах хүчин чадалтай үйлдвэр

Гэрэл зургийг mpa.mn

“Протейн” үйлдвэрийн ерөнхий захирал Н.Оюунбат “Миний хамгийн их бодож хүсэж мөрөөдөж явсан зүйл бол дэлхий дээр аюултай хог хаягдал хаашаа яваад байна вэ? Яагаад энэ хаягдлуудыг ясыг газар дээр зүгээр хаяад байгаа юм.  Экспортын махны 20-30 хувь нь мах болж гарч ирдэг. Гэтэл үлдсэнийг нь буюу 70 хувийг нь хаягдал гээд хаячихдаг.  Тиймээс бид бүтэн хоёр жил судалсны эцэст Италийн "Impianti Carrera" компанийн үйлдвэрлэлээр европ стандартаар энэ үйлдвэрээ байгуулсан юм. Ингэснээр аюултай хог хаягдлаас салах, эрүүл малынхаа үр шимийг үйлдвэрлэж боловсруулан шувуу, гахай зэрэг мал амьтдыг тэжээж, эрүүл хүнс хэрэглэх, байгаль орчныг бохирдуулж буй хаягдлыг ашиглах нь бидний гол зорилго. Италийн "Impianti Carrera" үйлдвэр нь 60 жилийн түүхтэй буюу 100 гаруй үйлдвэр угсарсан асар их туршлагатай компани.

Хамгийн сүүлд бидэнд хэлэхдээ Израилийн үйлдвэртэй хамт танайх нээлтээ хийж байна гэсэн. Израиль улстай харьцуулахад манай улс ямар улс билээ. Энэ бол бахархал. Бидэнд түүхий эдийн асуудал огт бэрхшээл биш байгаа нь давуу тал. Үйлдвэрийн хүчин чадлын тухайд хамгийн ихдээ хоногт 100 тонн ясыг боловсруулах хүчин чадалтай” хэмээв.

Фэличэ Каррэра: Энэ үйлдвэр нээгдсэнээр байгаль орчинд маш их давуу талтай

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус үйлдвэрийг угсарсан Италийн "Impianti Carrera" компанийн захирал Фэличэ Каррэра “Миний хувьд гурав дахь үеэрээ тус үйлдвэрийг хариуцаад ажиллуулж байна. Дэлхийд олон газар үйлдвэрүүдээ угсарсан. Европын стандартын дагуу бүх үйлдвэрлэлээ явуулдаг. Амьтны гаралтай хог хаягдлыг газар дор булахыг хориглочихсон. Үүний дагуу ихэнх улсуудад энэ үйлдвэрүүд нээгдсэнээрээ хөрс, усны бохирдлоос сэргийлж чадна. Ингэснээрээ  байгаль орчинд маш их давуу талтай гэдгийг хэлмээр байна” хэмээн хэллээ.

Малын гаралтай түүхий эдийн нян, бактери 2 барын байдалтайгаар 134 градус цельс температурт 3.5 минутад устдаг бөгөөд IMPIANTI CARRERA үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн нэвтрүүлсэн энэхүү үйлдвэр түүхий эдийг 10 барын  даралттай 140 градус цельс температурт 4 тонн түүхий эдийг 60 минутад боловсруулдаг нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.
Үйлдвэрийн нээлтээс хийсэн фото сурвалжилга

Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг