Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн хар тамхины мафийн босс үлдсэн насаа өнгөрөөх шоронгийн өрөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-ын шүүх Мексикийн хар тамхины мафийн босс Хоакин Гузманд 10 төрлийн ял оноохоор төлөвлөж байгаагаа зарласан билээ.

Хэрвээ ял хэвээр батлагдвал Гузман бүх насаар хоригдох ял эдлэх бөгөөд түүнийг Колорадо мужийн Флоренсд байдаг өндөр хамгаалалттай “Supermax” шоронд хорих төлөвтэй байна.

Америкийн хамгийн том гэмт хэрэгтнүүдийг хорьдог энэ байгууламжийг “шоронгуудын шорон” гэж нэрлэдэг гэнэ.

Гузман Мексикт хоригдож байхдаа хоёр ч удаа шоронгоос оргож байсан түүхтэй. 2001 онд тэр шоронгийн угаах эд зүйлс тээвэрлэдэг саванд нуугдан оргож байсан бол 2015 онд кинонд гардаг аргаар газар доогуур хонгил ухан оргож байжээ. 2017 онд түүнийг Мексикээс АНУ-д шилжүүлж өгсөн юм.

Харин олон давхар харуул хамгаалалт, өргөст торон хашаа, мэргэн буучдын хараан дор байдаг АНУ-ын топ шоронгоос хүн оргож байсан түүхгүй гэнэ.

Хоригдлууд хоногийн 23 цагийг жижиг өрөөнд хоригдож өнгөрөөдөг. Өдөрт ганцхан цагийн хугацаанд өрөөнөөсөө арай том төмөр торонд салхилах боломжтой. Хоригдох хугацаандаа гадаад ертөнцөөс бүрэн таслагдаж, хүнтэй харилцах ямар ч боломж байдаггүй гэнэ.

 

Азаар хөрш өрөөний хоригдолтой салхилах цаг нь дараалж таарвал торны цаанаас хурууны үзүүрээ шүргэлцүүлж мэндэлдэг нь хүнтэй харилцах цорын ганц боломж байдгийг энд хоригдож байсан хүн дурсан ярьжээ.

Гузманы хоригдох өрөө нь 3.5 х 2 метрийн талбайтай, шоронгийн хашаа руу харсан 10 см өргөн цонхтой, ор, ширээ, сандал нь хөдөлшгүй цутгамал, шүршүүр нь ус алдахаас сэргийлж тодорхой хугацааны зурваст тасалдаж ажилладаг, хар цагаан телевизээр зөвхөн шашин, боловсролын нэвтрүүлэг үзүүлдэг байна.

Мөн өрөөний хаалганы дотор талд давхар төмөр торон хаалга суурилуулсан байдаг ажээ. Энэ нь эрх чөлөөгөө хасуулсан мэдрэмжийг хоригдлуудад өгөх зорилготой гэнэ.

1993 онд цагдаа нарт буудуулж алагдсан Колумбийн мафийн босс Пабло Эскобараас хойш төрсөн хамгийн том хар тамхины гэмт хэрэгтэн “Эль Чапо” хочит Хоакин Гузман энэ өрөөнд үлдсэн бүх амьдралаа өнгөрөөх юм.

 

Эх сурвалж: USA Today