Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган зарлаж, хуулийн байгууллагын удирдлагуудыг чөлөөлөхийг шаардлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. 

Тэд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, зарим асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд: МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс дараах шаардлагыг хүргэж байна. Нэгдүгээрт, хууль бус аргаар хувьчилж авсан Эрдэнэт үйлдвэрийг ард түмний мэдэлд авах УИХ-ын тогтоол, Стандарт банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэхийг шаардаж байна.

Мөн МАНАН бүлэглэлийн бий болгосон шударга бусын хонгилын хамгаалагч болох шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг яаралтай огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх зэрэг найман асуудлыг шаардаж байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бид иргэний нийгмийн байгууллага иргэд олон түмэнтэйгээ уулзаж тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор яаралтай хуралдуулж, улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн. 

Шударга ёсны асуудал дээр хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг шаардаж байгаа. Төрийн төсвөөс хулгай хийсэн хэргүүдийг шалгаж өгөөч гэж иргэд хүсч байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг үтэр түргэн солихыг шаардаж байгаа учир ээлжит бус чуулганаар холбогдох байгууллагуудын асуудлыг оруулах хэрэгтэй байна. 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч нь хэрэгт холбогдсон хүмүүсийг танихгүй гэж мэдүүлсэн. Аллагыг зохион байгуулсан гээд байгаа нөхөр төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдэд энэ хэргийг шалгах ажиллагаа хууль бус болсон гэж гомдол гаргасан байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсон учир энэ хэргийг задлахаас өөр арга байхгүй. Эдгээр асуудлаар төрийн гурван өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх гэж байна” гэв. 

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хуулийн байгууллагын дарга нар тодорхой хугацаатай томилогддог. Өөрөө л хүсэлтээ өгөхгүй бол хуулийн хамгаалалттай. Эдгээр хүмүүсийг яаж чөлөөлөх юм бэ. Дахиад хууль санаачилж батлах юм уу? 

Х.Нямбаатар: -Прокурорын байгууллагын тухай хуульд Улсын Ерөнхий Прокурор жил бүр хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-д жилд нэгээс доошгүй удаа тайлагнах ёстой гэж заасан байдаг. Авлигын эсрэг хуульд ч мөн тийм заалт бий. Нэг хэрэг яагаад зургаан жил шийдэгдэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг Их хурал хуулийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, тайлагнуулах замаар буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой.

Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн асуудалд холбогдсон бүх хүн Монголд байгаа. Гэтэл ямар шалтгаанаар эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа юм шиг шийдэгдэхгүй удаад байгаа юм бэ. Үүнээс үүдэж дараагийн асуудал яригдана.

Түүнээс биш бид Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж УЕП-ыг чөлөөлж, АТГ-ын дараагийн даргыг нэр дэвшүүлэх гээгүй.    

-ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалт дээр та бүхэн эсрэг кноп дарсан. Ийм үйлдэл гаргачихаад прокурорыг чөлөөлөх ёстой гэж ярих нь ёс зүйд нийцэх үү?

Л.Болд: -ЖДҮХС-гийн асуудлыг бид шаардлагынхаа дөрөвт бичсэн. Ждү гэдэг зүйл гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг тогтоох шаардлагатай байна.

Хэрэв мөн бол яагаад зөвхөн УИХ-ын гишүүдэд холбогдож, шалгагддаг хэрэг болчихоод байна вэ. Ерөнхий прокурорын орлогч, ТЕГ-ын дарга, Аудитын газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нар ждү авсан. Тэдэнд  гишүүдийнх шиг хуулийн хамгаалалт байхгүй. Тэд нар шалгагдаад 2-3 сар болж байна. Яагаад тэгвэл хэрэг нь шийдэхгүй байна вэ.

Хэрэв ямар нэгэн шийдвэр гарсан бол бид Их хурал дээр том дайралт хийнэ. Гишүүн биш хүн гэмт хэрэгт холбогдоод шийтгэгддэг, гишүүн та яагаад хамгаалалтад байна вэ гэдгийг бид хатуу тавина. 

Гэтэл ждүг зөвхөн Засгийн газрыг унагаах, Их хурлын даргыг өөрчлөх санал асуулгын кнопны асуудал болгоод байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг мөн үү. Гэмт хэрэг биш юман дээр гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгч явуулах уу гэдгээ бодно.   

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэдэн төгрөгийн өрний асуудал байгаа вэ. Энэ талаар нарийн мэдээлэл байна уу? 

Ж.Батзандан: -Байгалийн баялагын асуудал дээр ямар орд хэнд байгааг ард түмэн мэднэ.

Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар өдөрт хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдэг нарийн мэдээлэл байхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрээр 160 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ мөнгөний хэмжээ өдөр бүр хүүгээр нэмэгдэж байгаа. Тухайн зээл авсан  аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг хурааж өрийг нь төлөх замаар шийдвэрлэх ёстой. Зээл авсан Ш.Батхүү болон тухайн үеийн Ерөнхий сайд байсан хүмүүсийн хөрөнгийг хурааж Эрдэнэтийн өрийг төлөх ёстой

-Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ? 

Х.Нямбаатар: -НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэдэг хүний нэрийг дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулсан. Ерөнхий сайд батламжлах эсэх нь түүний бүрэн эрхийг асуудал. Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ. Түүнийг Ерөнхий сайд батламжлах үүрэг хүлээнэ. 

Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр НИТХ хуралдана. 

Нэг зүйлийг тодруулж хэлье. УИХ-ын дарга асан М.Энхболдын охиныг шахаж хавчиж, албан тушаалаас нь чөлөөлөх гэж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. 

Би СХД-ийн МАН-ын хорооны дарга. М.Энхболд даргын охин Хулан СХД-ийн МАН-ын хороонд гурван сонгуульт ажилтай. Тэр хүнийг би хувьдаа шахаагүй, өөрөө өргөдлөө өгөөгүй. Ажлаа хийгээд явж байгаа.  

Дээрх гишүүдийн шаардлага бүрэн эхээрээ