Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сенатор хоёр хүний аллагад $22,400 төлснийг гэрчүүд мэдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлийн чуулганы үеэр хуулийнхан баривчлах ажиллагаа явуулж, Карачай-Черкессийн бүс нутгаас сонгогдсон хууль тогтоогч Рауф Арашуковыг баривчилсан билээ.

Түүнийг 2012 онд орон нутгийн хоёр улс төрчийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан баривчилсан юм. ОХУ-ын мөрдөн байцаах газар Арашуков нийтдээ 1.5 сая рубль ($22,400) төлж, хоёр хохирогчийн амийг хөнөөлгөх захиалга өгснийг гэрчүүд мэдүүлээд байгааг өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал захиалгат аллагад зуучлагчаар ажилласан Рустам Копсергенов байцаалт өгөхдөө Карачай-Черкессийн засаг захиргааны тэргүүний зөвлөх Фрал Шебжуховын аллагад Арашуков 500,000 рубль ($7,400) төлснийг баталсан байна.

Өөр нэг гэрч Расул Аджиев бүс нутгийн залуучуудын байгууллагын дэд дарга Аслан Жуковын аллагад Арашуковын хүргэн ах нэг сая рубль ($15,000) төлсөн гэж мэдүүлжээ.

Рауф Арашуков хэргээ хүлээхгүй байгаа ба өөрийгөө улс төрийн явууллагын золиос болж байна гэж үзэж байгаа гэнэ.

Сенаторын эцэг Газпром компанийн Карачай-Черкесс дэхь салбарын зөвлөх Раул Арашуковыг мөн баривчлаад байгаа юм. Түүнийг 30 тэрбум рублийн ($453 сая) үнэтэй байгалийн хий хулгайлсан гэж буруутгажээ.

 

Эх сурвалж: ТАСС