Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох хүсэлтэй ААН-үүдийг маргааш бүртгэж дуусна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулж буй. 

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” аяны хоёрдугаар шат энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн юм. Энэ хүрээнд хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг ХХААХҮЯ бүртгэж байна. Бүртгэл маргааш 15.00 цагт бүртгэл дуусна.  

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авч, шинэ жор, технологид суралцах аж. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт авах давсны дээд хэмжээг 5 гр хэмээн тогтоосон ч манай улсын нийт хүн амын 83.2% нь үүнээс давсан хэрэглээтэй байгаа юм. Тодруулбал, иргэд давсны хэрэглээний 46.2 хувийг цай, уух зүйлээс, 33.5 хувийг хоолноосоо авдаг байна. 

Давсны хэт өндөр хэрэглээ нь манай улсад дээгүүр бичигдэж, улам залуужиж буй артерийн даралт ихсэх, тархинд цус харвах, ходоодны хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний шалтгаан болж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ.

Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилгоор уг аяныг зохион байгуулж буй. 

Уг арга хэмжээнд хамрагдсан ААН-үүдийг 2019 оны арав, арваннэгдүгээр сард 13 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж, олон нийтэд мэдээлэх юм байна. 

Үүнд: 

  • “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”
  • “Давс багатай махан бүтээгдэхүүн”
  • “Давс багатай нөөшилсөн ногоо”
  • “Давс багатай хоол”
  • “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”
  • “Давс багатай хоол үйлдвэрлэгч”
  • “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага” гэсэн тодотгол багтжээ. 

Хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагуудын оролцоо нь хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд оруулах томоохон  хувь нэмэр болох бөгөөд бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөх боломжийг давхар олгож байгаа аж. 

Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой ба яамнаас гадна аймаг, орон нутгийнхаа харьяа Хүнс, хөдөө аж ахуйн газарт оролцох хүсэлтээ илэрхийлэх юм байна. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ