Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амгаланбаатар: Хэлэлцээрийн дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувиар нэмэгдүүлэх боломжтой болсон

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг нар үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Энэ уулзалтад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдлагууд болон нийслэл, орон нутаг дахь ҮЭХ, төрийн байгууллагуудын ҮЭХ-ны удирдлагууд оролцсон юм. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын маань эдийн засгийн нөхцөл байдал харьцангүй нааштай болж байна. 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт улсын хэлэлцээрийг дүгнэвэл 83.2 хувьтай, үндсэндээ та бидний хамтын хэлэлцээ зохих түвшинд хэрэгжсэн гэж хэлж болохоор байна.  

МҮЭХ-ноос 2019-2020 оны хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талд хэлэлцээрийг эхлүүлэх саналаа ХНХЯ-нд ирүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газар баримтлах чиглэлээ боловсруулах, хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.  

Та бүхэнтэй Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтарч ажиллана. Та бүхний тавьсан шаардлага, гаргасан хүсэлтийг хүлээж авч ярилцаж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллана” гэлээ. 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнгөрсөн 2018 онд бид хамтдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. Хоёр жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байсан бол жил бүр нэмэгдүүлэх түүхэн шийдвэрийг гаргаж чадсан.

2019, 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нийтдээ 75 хувиар нэмэгдүүлэх бололцоог хэлэлцээрийн дүнд гаргаж чадсан

Мөн төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар, бодитоор нэмэгдүүлсэн” хэмээн өнгөрсөн хугацаанд бодит ажил болсон алхмуудыг дүгнэсэн юм. 

Мөн тэрбээр удахгүй болох гурван талт хэлэлцээртэй холбогдуулан иргэдийн зүгээс байнга тавьдаг зээлийн хүүг бууруулах тухай хүсэлтийг Ерөнхий сайдад уламжлав.  

“ОУ-ын хүүхдийн Найрамдал төвийг төсвийн байгууллага болгож өгөөч”

 

Монголын эрүүл мэндийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд царцанги байдалтай байсан төрийн албан хаагчдын цалинг 16.6-47 хүртэл хувиар нэмэгдүүллээ

Боловсролын салбарынхан ажил хаялт зарласны дүнд салбарынхаа хэлэлцээрийг байгууллаа. Гэвч байгуулсан хэлэлцээрийг нь хэрэгжүүлдэггүй. Сангийн яам болон бусад байгууллага нь хамтарч ажилладаггүй. Засгийн газар яамдууддаа хэлэлцээрийн үр дүнг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой чиглэл өгч ажиллах шаардлагатай байна.  

Салбарын хэлэлцээрүүд сайн хэрэгжвэл ажил хаялт, жагсаал цуглаан хийх асуудал илүү ойлгомжтой болно. Хоёрдугаарт, яам болгон дээр нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан ажилтантай болох шаардлага байна. 

2018 оны 382 тогтоолоор илүү цагийн хөлсийг тухайн сарын цалингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байна гэж заасан. Энэ заалт нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Эмнэлэгт сувилагч олдохгүй 24:24 хийгээд, цэцэрлэгийн багш нар уртасгасан цагаар ажиллаж байгаа энэ үед төсвийг ингэж хязгаарлах нь учир дутагдалдтай юм.

Тиймээс Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэж буйтай холбогдуулан түүнийг дагаж гарах журмыг өөрчлөхөд ҮЭ-ийн байгууллагын саналыг авдаг байх механизмыг бий болгох хэрэгтэй байна. 

Түүнчлэн Төрийн үйлчилгээний ангилалд багтдаг хүмүүсийн цалин 20 хувь ч хүрэхгүй 16.6 хувиар нэмэгдсэнд сэтгэл дундуур байгаа. Тиймээс ажлын байрны үнэлгээг яаралтай хийж, цалинг нэмэх асуудлыг ирэх оны төсөв дээр ярилцмаар байна. 

Мөн Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооноос тусгайлан гаргасан нэг саналыг хэлье. Олон Улсын хүүхдийн Найрамдал төв орлогоороо зардлаа чадан ядан хүргэж ажилладаг. Эднийхийг төсвийн байгууллага болгож өгөөч” гэсэн саналуудыг гаргалаа. 

Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны 10 хувийг ажилчдад нь давуу эрхтэйгээр олгох санал гаргав 

 

Харин Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Төгсбаяр “Эрдэнэт үйлдвэр бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэрийн нэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд түүхэн үүрэг гүйцэтгэдэг. 2016 оноос тус үйлдвэрийн хувьцааны асуудал яригдаж эхэлснээс хойш ҮЭ-ийн байгууллага ямар нэгэн хэлбэрээр байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. 

Бид нийт ажилчдынхаа санал дээр тулгуурлаад хувьцааны тодорхой хувийг буюу 10 хувийг ажилчдад давуу эрхтэйгээр олгож өгөөч гэсэн санал тавьж байна. Ажилтан хүн компанийнхаа эзэн нь болсноор хөдөлмөрийн бүтээмж, цэвэр ашиг эрс нэмэгдэх боломж харагдаж байгаа. Бид энэ асуудлыг төрийн өндөрлөгүүд болон холбогдох байгууллагад хүргүүлэхээр ярилцаж байгаа” гэлээ. 

Ийнхүү ҮЭ-ийн байгууллагын төлөөллүүдийг саналаа хэлсний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн үед ташаа мэдээлэл цацагдах боллоо. ҮЭ-ийнхэн минь зөвөөр ойлгоорой. Юу гэхээр Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийнхний өмч хөрөнгийг хурааж авахгүй.

Засгийн газар хувийн өмчийг, бизнес эрхэлж байгаа иргэдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг бид буцааж авна. Үүнийг шударга ёс гэж ойлгож байгаа” гэв.