Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөр тутмын амьдрал болоод сэтгэл санааг эмх цэгцтэй байлгахад туслах Мари Кондогийн зарим зөвлөгөөнөөс

О.Булган, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

"Өөрт хэрэгтэй зүйлээ олж мэдэх хамгийн шилдэг арга бол хэрэггүй зүйлсээсээ салж, татгалзах явдал юм" хэмээн Япон улсын цэгцлэх урлагийн мэргэжилтэн Мари Кондо хэлсэн байдаг. 

Шинэ он гарсны дараахан, амьдралаа эмх цэгцтэйгээр шинээр эхлүүл гэж буй дохио мэт цэгцлэх урлагийн хамгийн алдартай, Тайм сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 1,000 хүний нэг, 40 гаруй хэл дээр орчуулагдсан “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолчийн "Мари Кондотой эмхэлж цэгцэлцгээе" шоу Netflix-ээр цацагдаж эхэлсэн билээ. 

Тэрбээр өөрийн гаргасан эмх цэгтэй, илүү аз жаргалтай амьдрахад чиглэсэн КонМари аргачлалыг бодит айл гэр, хүмүүс дээр үзүүлж, үр дүнг нь харуулдаг ба тухайн айлд үүсээд буй эмх цэгцгүй байдлыг арилгахад нь тусалдаг талаар гардаг.

Энэхүү баримтат цуврал цацагдаж эхэлсэн цагаас хойш дэлхий даяар ихэд шуугиан тарьж, олон хүний амьдралд өөрчлөлт авчраад буй талаар яригдаж байгаа юм.

Тэгвэл бид түүний саяхан гарсан энэхүү цуврал болон өмнө гарсан номоос түүвэрлэсэн эмх цэгцтэй, өөрийн амьдралд илүү чухал гэсэн зүйлсдээ анхаарлаа хандуулж амьдрахад туслах зөвлөмжүүдийг түүвэрлэн хүргэж байна.

1. Өөрчлөлтөөс бүү ай

Амьдралынхаа аливаа зүйлд өөрчлөлт оруулна гэдэг амаргүй. Гэвч өмнө байснаас илүү эерэг өөрчлөлтийг амьдралдаа авчиръя гэвэл ирж буй өөрчлөлтийг эерэг хандлагатайгаар хүлээн авч, түүнд өөрийгөө бэлдэх нь тэрхүү өөрчлөлтийн үндэс, суурийг тавина.

Цувралын анги бүрт гарч байсан оролцогчид өөрчлөлтийн өмнө бүгд ихэд эмээж хэрхэн үүний ард гарч, дасан зохицох талаар санаа зовниж байсан нь харагдаж байсан хэдий ч гэрээ цэгцэлсний дараагаар өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, амьдралдаа түргэн нэвтрүүлэн, дасан зохицож байсан нь харагдсан юм.

Тийм учраас аливаа эерэг, сайн зүйлийн төлөө өөрчлөлт хийхээр шийдсэн бол түүндээ үнэнч, тууштай байж, өөрийгөө бэлдэх нь бүх өөрчлөлтийн үндэс юм.

2. Цэгцэлж эхэлсэн бол буцах зам үгүй

 

Хэрэв та нэгэнт амьдарч буй гэр, орчин тойрон болон амьдралаа цэгцлэхийг сэтгэл шулуудаж эхэлсэн бол буцах зам үгүй. Мэдээж эмх цэгцтэй болгохын тулд эхлээд бүх зүйлсээ гаргаж, ялгахын тулд эмх замбараагүй байдал үүсэх болно, үүнийг хараад хүмүүс ихэд цочирдож, шантрах сэтгэгдэл төрдөг аж.

Цэгцлэхийн тулд эхлээд бүх хувцас, ном, бичиг баримт гээд гэр ахуйн эд, хэрэгслийг төрөл төрлөөр нь гарган, нэг газар бөөгнөрүүлэн овоолоход хүмүүс ямар их хувцас, эд хогшилтой байснаа гайхаж, анзаардаг. Тийм учраас гэрт буй эд хогшлоо төрөл зүйлээр нь ангилан цэгцлэх нь илүү үр дүнтэй.

 

КонМаригийн эмхэлж цэгцлэх эд зүйлсийн дараалал:

  1. Хувцас,
  2. Ном,
  3. Бичиг баримт,
  4. Бусад жижиг, сажиг эд зүйлс,
  5. Дурсамж агуулсан зураг, захидал, зургийн цомог, CD гэх мэт... Энэхүү дарааллын дагуу тус бүрийн төрлийн эд зүйлсийг гаргаж ирж, овоолон таны сэтгэлд оч үүсгэж /Spark joy/, илүү нандин санагдаж буй эд зүйлсээ авч үлдэхийг Мари Кондо зөвлөж байна.

3. Хувцсаа зөв хадгалж сурах

 

Ихэнх хүн шүүгээнд хадгалж буй хувцсаа дээр дээрээс нь давхарлан эвхдэг бол КонМари аргачлалаар аливаа хувцсыг илүү жижиг болгон эвхэж, босоо маягаар хооронд нь наалдуулан хадгалах ондоо аргыг та бүхэнд санал болгодог.

Ингэснээр шүүгээнд буй бүх хувцас таны нүдэнд ил харагдаж, зарим хувцсыг хамгийн доор нь үлдээж мартахгүй байх болон хувцас авч, буцааж хийхэд илүү хялбар байх болно.

Хувцаснуудаа ялгахдаа гараараа барьж үзэн, үүнийг өмсөөд хэчнээн сайхан харагддаг тухайгаа бодож, баяр баясал болон сэтгэлд тань оч гарч ирвэл үлдээх нь зүйтэй юм. Харин өмсөхөд таны биед тийм ч тухтай биш, сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байвал талархаад явуулах цаг нь болсон гэсэн үг. Энэ санаа зөвхөн хувцсан дээр биш бусад гэр ахуйн бүхий л эд хогшлыг ангилж, ялгахад хамааралтай.

Мари Кондогийн хувцас эвхэх энгийн аргачлал:

4. Өрөө болгоноор бус эд хогшлыг төрөл зүйлээр нь ангилж эмхлэхийг зөвлөж байна

 

Өнөөдөр би том өрөөг, маргааш хүүхдийн өрөөг цэвэрлэнэ гэж хүмүүс ангилдаг. Харин Мари ингэхийн оронд аливаа эд хогшлын төрөл зүйлээр нь ангилж эмхлэхийг санал болголоо.

Тухайлбал, таны гэрт ном зөвхөн нэг өрөөнд бус олон өрөөнд байж болно. Тийм учраас өнөөдөр номнуудыг ангилж эмхэлье гэх маягаар эмхэлснээр илүү амар бөгөөд дэс дараалалтай санагдах болно.

5. Хаяхыг хүсэхгүй байгаа зүйлээ заавал хаях гэж хичээх хэрэггүй

 

Дурсамж дүүрэн, нандин мэдрэмж төрүүлэхүйц эд зүйлсийг ангилах үед хүмүүсийн сэтгэл хөдөлж, баяр, гунигийн хосолсон мэдрэмжүүд төрдөг аж. Тэгвэл цэгцлэх урлагийн мэргэжилтэн танд ийм төрлийн эд зүйлсээ шууд хаяж, сэтгэл шулуудахын оронд амархан хүрч, харж болохуйц хайрцаганд хийж хадгалахыг зөвлөж байна. Ингэснээр та энэхүү эд зүйлсэд ойр ойр хүрч, дурсамжаа сэргээхээс гадна магадгүй хаях болсон цагийг нь аажмаар ухаарах юм.

6. Өөрт байгаа эд зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байж, талархах нь чухал

КонМари аргачлалаар сэтгэлийн үзүүрт оч үүсгэж буй хувцас, эд зүйлсээ авч үлдсэний дараагаар хэрэггүй болсон, хагацах шаардлагатай эд зүйлстэй та нүүр тулгарах болно. Энэ үед хаяхаар ангилсан бүхий л эд зүйлдээ талархаж, өнгөрсөн хугацаанд өөртэй тань хамт байсанд нь баярлаж, харин тантай үлдэж буй эд зүйлсдээ сэтгэл хангалуун байх нь ирээдүйн сэтгэл санааны хувьд ч тэр, таны орон гэрийн уур амьсгалын хувьд ч мөн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болно.

КонМари аргачлалаар эмхэлсэн өмнө болон дараах зургууд:

 
 
 
 

Хэрэв та нэгэнт эд зүйлсээ ангилж, эмхлэхээр сэтгэл шулуудсан бол дээрх энгийн хэрнээ эерэг үр дүн авчрах алхмуудыг дагаж, хэрэгжүүлснээр танд илүү хялбар, үр дүнтэй байх болно.