Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нөхөн сонгууль ба Н.Энхбаяр

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2019 оны 2 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш аль нам, улстөрч ард түмний дунд нэр хүндтэй байгааг шалгах сорилт нь Хэнтийн нөхөн сонгууль болох нь дамжиггүй. Энэ сонгуулийн дүн ирэх 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлохыг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс нөхөн сонгуульд ялалт байгуулах нь аль ч намын ойрын зорилт болоод онцгой анхаарал хандуулах асуудал болсон. Тэр дундаа төрийн эрхийг ээлжилж, эвсэж ч барьдаг улс төрийн хоёр том хүчний хувьд энэ сонгууль яах аргагүй “халз тулаан” болох нь ойлгомжтой. Үүний хэрээр нөхөн сонгуульд ялалт байгуулж, намын рейтинг, өөрийн нэр хүндийг өсгөж, удирдлагын ажлаа сайнаар дүгнүүлэх нь хоёр намын даргын хүсэл төдийгүй үүрэг нь болж буй.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гадна байсан ч Шадар сайдаар ажиллаж, улмаар нэг жил гаруйн дотор Ерөнхий сайд, намын дарга болсон түүхтэй. Гэхдээ түүний бахархам амжилт энэ удаагийн сонгуулийн дүнгээр хэмжигдэж мэдэх. Мэдээж МАН-ын 2016 оны үнэмлэхүй ялалтын гавьяа түүнийх байгаагүй ч үүнийг бататгах гавьяа болоод ялагдал нь түүнд л хамааралтай. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд үнэмлэхүй олонх гэж бардахгүй ханцуй шамлан өрсөлдөх биз. Үгүй юм аа гэхэд сонгуулийн сүүлийн жилийн нэр хүнд байр суурь, рейтинг аль ч намын хувьд юунаас ч илүү чухал байх нь дамжиггүй. Хоёр гишүүнээ урвуулан алдаж, бүлэггүй болохдоо тулсан АН-ын хувьд ч нөхөн сонгуулийн ялалт хамгаас чухал.

Магадгүй богино хугацаанд нэг гишүүний нөлөө бага гэж бодож болох ч сөрөг хүчний хувьд багаар бодоход бүлэгтэй болж, байр сууриа өндөрсгөх боломж байж мэднэ. Ихээр бодоход ялалтыг дагаж, ард түмний итгэл сэргэж, намын дарга С.Эрдэнэд өгөөжтэй пиар болох нь ойлгомжтой. Тиймээс хоёр намын хувьд Хэнтийн нөхөн сонгуульд нэр хүндтэй хийгээд шилдэг боловсон хүчнээ сойх биз ээ.

Нөхөн сонгуульд өрсөлдөх эрхмүүдийн нэр тодроогүй байгаа ч өмнө нь МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нар нэр дэвших тухай шуум хүчтэй өрнөж байв. Тэгвэл энэ дундаас нөхөн сонгуулийн чимээг дагаж чимэг нь болж буй хүн нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр. Цагтаа халгиж, цалгиж, төрийн хамгийн өндөр албан тушаалыг хашсан тэрбээр нэгэн үе “хар гэр”-т ч хоригдож үзсэн. Тэрбээр албан ажлаараа улс төрөөс гарсан ч хоригдохдоо, суллагдахдаа ч улс төрөөс хөндийрөөгүй нь үнэн.

Харин түүний сонгуульд өрсөлдөх эрх гурван удаа ялын шийтгэл дуусаагүйгээр хязгаарлагдаж байсан бол энэ удаа нэр дэвших эрхтэй гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдлээ. Өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаяр “УИХ-ын 2012 оны сонгуульд намайг нэр дэвшүүлэхгүйн тулд баривчилж, хилсээр ял оноолоо” хэмээн ярьсан байдаг. Дараа нь 2016 оны УИХ-ын болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэхэд нь түүний “ялтайд тооцох хугацаа дуусаагүй" гэх шалтгаанаар мөн л өрсөлдүүлээгүй юм.

Харин одоо түүний улс төрд албан ёсоор буцаж ирэх боломж нь Хэнтийн нөхөн сонгууль яалт ч үгүй мөн. Түүний ээж нь Хэнтий аймгийн Дадал сумын уугуул гэдгээрээ давуу талтай. Үүний зэрэгцээ “Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвшвэл түүнтэй дүйж өрсөлдөх хэн ч байхгүй" гэх яриа нөхөн сонгуулийн сургаар олонтаа дуулдах болсон.

Харин түүний нэр хүнд, нөлөө нь одоо ч хүчтэй байгааг илтгэх үйл явдал бол тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль байв. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших боломжгүй болсон тэрбээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг намдаа элсүүлж, орон даяар дагуулан явсны үр дүнд Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа хоёр шаттай болсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь С.Ганбаатарыг дэмжсэн хүний тоо төсөөлснөөс их байсантай холбоотой ч үүний жинхэнэ гавьяа нь Н.Энхбаярынх бөгөөд түүнийг дэмжигчид олон байгааг илтгэсэн. Тиймээс түүний хувьд энэ удаа улс төрд орох боломжоо дахин алдахгүйг хичээх нь ойлгомжтой. Хичээж байгаагаа ч өнгөрсөн хугацаанд харуулсан.

Өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан нөхөн сонгууль явуулах тухай тогтоолын төслийг Цэцийн шийдвэрээр хүчингүй болгохоос өмнө тэрбээр Хэнтий аймагт гэр барьж, зуны дэлгэр цагийг сонгогчидтойгоо өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Намын нөхөд нь ч түүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ хэлж байсан. Тухайлбал, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар өнгөрсөн онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Н.Энхбаяр дарга дэвших байх.

Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Тавантолгой, Оюутолгойг Монголын ард түмэнд авч өгье гэж зориглож боссоныхоо төлөө амь насаа алдах шахсан. Хэнтий нутгаас ялалт байгуулбал төрд бугшсан идээч, уугаачдад маш том хатуу цохилт болно.

Мөн УИХ-д шинэ дээд хуулиа оруулж ирэх, батлуулах том боломж гэдэг утгаараа Хэнтий аймгийн нөхөн сонгууль бидний хувьд УИХ-ын гишүүний ганц суудал төдий биш, ард түмний төлөө хийх ажлаа эхлүүлэх том боломж гэж харж байгаа. Үүнийгээ бид Хэнтийн иргэддээ ойлгуулж, итгэлийг нь авч чадна гэдэгтээ итгэж байна" гэсэн байдаг. Гэхдээ МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын хэлснээр нэр дэвшигчээ тус намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ. Хуулиараа санал авах өдрөөс нэг сарын өмнө намууд нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх учиртай. Тухайн үед МАХН-аас хэн нэр дэвших эрхээ өвөртлөхийг баттай таашгүй билээ.

Зураг